Хачин ламын сүм нь Баянхонгор аймгийн төвөөс 28 км зайд Эрдэнэцогт сумын төвд байрладаг. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг, Түйн голын эрэгт Соронзонзонгомбын хошуу хүрээ нь 1755 онд ван Цэвдэнжавын үед баригдсан түүхтэй. Эл хүрээнд хожим олон хийдүүд баригдсаны нэг нь Гачин ламын хийд бөгөөд 1903 онд бүтээгдсэн. Эдүгээ ганцаараа анхны хэлбэрээрээ хадгалагдан үлджээ.
Эрдэнэцогт сумын баруун урд зүгт хар модон банзан хашаатай, сүмийн хаалга баруун тал руу хандсан байдаг нь Шамбалын орон руу харуулж барьдаг сүмийн уламжлал ажээ. Сүмийн барилга хоёр давхар, урд талын хаалгаар ордог, доод давхар нь өвлийн сууц бөгөөд дотроо хоёр өрөөтэй, гадна талаас нь галлаж ханзыг халаадаг байжээ. Харин дээд давхар нь дотроо гурван өрөө бүхий зуны сууц ажээ. Сүмийн ханануудад үлгэр домгийн сэдэвтэй төвд зураачдын өнгө ялган зурсан зурагнууд голлох бөгөөд нэг монгол зураачийн зурсан “Дугар Зайсан” гэдэг зураг ялгардаг байна. Сүмийг барихаар Төвдөөс уран сийлбэрч дархчууд ирсэн гэдэг ба сүмийн гадна дээврийн хөндлөн яс моднуудыг нэвт ухаж сийлж хийжээ. Сийлбэрийг наах аргаар бүтээсэн ба янз бүрийн цэцгэн хээ, далавчаа дэлгэж буй тогос шувуу, догшин дүрст луу зэргийг дүрслээд, байшингийн өнцөгт зааны толгойн бүтэн сийлбэрийг өнгө ялган будаж чимэглэжээ. Сүмийн их дааман хаалганы дээд талд алтан боронзоор зүмбэрдэж бичсэн өргөлийн бичиг бий. Өргөл бичигт дурьдахдаа “Их амгалан хурцын орон номын баясгалант цэцэрлэг” хэмээн бичжээ.
Хачин ламыг Төвдийн Банчин эрдэнээс YIII Богд Жавзандамба хутагтын багш ламаар илгээсэн хэдий ч тодорхой учир шалтгааны улмаас Богдын багш болж чадаагүй учир Богдын хүрээнээс гарч дээрх хошуу нутагт ирж суурьшин нутгийн олон түмэнд эрдэм ухаанаараа хүндлэгдэн мэргэн Хачин, Хачин багш, Хачин номун хаан хэмээн алдаршжээ. YII Богд гэгээн гурван Хачин ламтай байсан гэдэг. Хачин (Гачин) гэдэг бол өглөө, үдэш жавтий буюу ариун цэврийг хамгаалах ариутгал хийдэг хүнийг хэлдэг байна.