Хамарын хийд орчмын цогцолборт газар

Дорноговь аймгийн ИТХ-ын 2005 оны 11-р тогтоолоор Хан Баянзүрх хайрхан уулыг Байгалийн түүхэн дурсгалт газар, Хашаатын говийн 8400 га газрыг Ойн нөөцийн газар, 2009 онд Хамарын хийд, Шамбал уул орчмын 26764 га газрыг “аймгийн дурсгалт газар”-ын хамгаалалтанд авч, улмаар 2014 оны ИТХ-ын тогтоолоор Хамарын хийд, Хашаатын говь, Зоогийн хоолой, Хан Баянзүрх уул орчмын 85277.84 га газрыг аймгийн тусгай хамгаалалтанд авсан.

Цогцолборт газар говь цөлийн бүсэд д.т.д дунджаар 938 метр өндөрт орших бөгөөд газар нутгийн ихэнх хэсгийг говь, ухаа гүвээт тал эзэлдэг. Хамарын хийдийн дэргэдэх Шамбалын уулын энергийн төв нь шинжлэх ухаан танин мэдэхүйн ховор үзэгдэл болох дэлхий ба огторгуйн энергийг хадгалсан хоёрхон газрын нэг юм. XIX зууны Дорнын их яруу найрагч, говийн ноён нутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Хамарын хийд, төрийн хэргэм зэрэгтэй говийн тахилгат Хан Баянзүрх хайрхан уул, чулуун зэвсэг, хадны зураг, хүрэл болон төмрийн үеийн зэр зэвсэг, булш бунхан, гэрэлт хөшөө, хот балгадын туурь зэрэг түүх соёлын дурсгалууд, 80 сая жилийн тэртээх далай тэнгисийн амьтан, ургамлын үлдэгдэл, чулуужсан мод, 30 сая жилийн өмнө амьдарч байсан намгийн хирон, одос үхэр, тэмээн хяруулын ул мөр зэрэг палеонтологийн олдвор бүхий Монгол орны унаган төрхөөрөө буй нутаг газар юм.

Хашаатын говь нь заган ой бөгөөд говийн хялганат, сайрын хялганат, коржинскийн харганат хэвшилд хуваагдсан монгол догар, монгол хөмөл, таана, сибирь ортуз зэрэг ховор ургамлуу ургана. Ханбаянзүрх уулыг тойроод Хайрхан, Хаалга хэмээх булаг шанд урсаж аргаль хонины амьдрах орчныг бүрдүүлдэг. Хулан, хар сүүлт давхиж Хамарын уулсаар аргаль, янгир идээшилдэг. Цогцолборт газарт говь цөлийн эко системийг төлөөлөх биологийн олон янз байдлын бүрдэлтэй. 160 зүйл цоргот ургамал, 34 зүйл хөхтөн амьтад, 33 зүйл шувуу, 6 зүйл мөлхөгч амьтад амьдардаг. Улаан номонд бүртгэлтэй аргаль, янгир, хулан, хар сүүлт, эрээн хүрнэ зэрэг амьтан, мөн амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн (CITES) II хавсралтанд орсон мануул мий, саарал чоно, идлэг шонхор, хулан жороо, ногтруу зэрэг шувууд, үнэг, хярс, цагаан зээр, хонин гүрвэл зэрэг говь цөлийн амьтдаар баялаг. Хан баянзүрх уул, Зоогийн хоолой, Хашаатын говиор могой гүрвэл, говийн гүрвэл, нарийн могой зэрэг мөлхөгчид амьдардаг.

ХАМАРЫН ХИЙД: Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 км зайд байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар хэмээх зүүн гар талдаа 108 ширхэг хайлаасан ойтой, булаг урссан үзэмж төгөлдөр нутагт Хамарын хийдийг байгуулжээ. Хамарын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 20 гаруй сүм дугантай, 500 гаруй ламтай байжээ. Хамарын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамарын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна.

Д.Данзанравжаа Улааны шашныг Монгол хүний бие, оюун санаанд хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байсан ба Хамарын хийдэд Монголын анхны театрыг 1830-аад онд Намтар дуулах дацан нэртэйгээр байгуулсан байна. Энэ нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг. Хамарын хийдэд театраас гадна Хүүхдийн дацан нэртэй сургуулийг байгуулж, хүүхэд багачуудаас гадна эмэгтэйчүүдийг сурч боловсорч бичиг үсэгтэй болохыг дэмжиж байжээ. Говь нутагт алдар цуутай тус Хамарын хийдийг 1998 оноос сэргээж эхэлсэн.

Хонх: Хамарын хийдэд цагийн хүрдний их тэнгэрийн хонхыг бүтээн залсан байдаг. Хонх цохих ёс нь хонхон дээрх ном, судрыг та өөрийн бие сэтгэлээр эх дэлхийд түгээж буй зан үйл ажээ.

Хутагтын рашаан: Хамарын хийдийн баруун өмнө баруунаас зүүн урагш дэллэсэн хярын ар сэрвээн дээр хутагтын “рашаан худаг” бий. Ноён хутагт уулын оройд ус гарна хэмээн ухаж гаргажээ. Тус рашааныг аравнайлж үеийн үед устай байхыг бэлгэдэн лусын хаан Лүвэнжалбуу бурхан буюу Нагаржунай бурханыг бүтээж рашаан усыг баясгасан гэдэг.

 

Өвгөн суварга: Хамарын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залж 2011 оны 9 дүгээр сарын 10-нд нээлтээ хийжээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, 5 талтай ажээ. Анх 1823 онд Ноён хутагт Монгол улсын мандал бадралыг бэлгэдэн энэ суваргыг бүтээж байсан түүхтэй. Ингэхдээ Монгол төрийг мандуулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээсэн гэдэг. Уг суварга 1937 он хүртэл  сүсэгтэн олонд адистид хүртээж байгаад буулгагдсан байна. Шинээр бүтээсэн Өвгөн суваргын таван талд нь Бурхан багшийн таван дүр буюу Язгуурын 5 бурхан заларч, оройд нь соёмбо байрлуулжээ. Уламжлалын дагуу тарнийн хүчийг оршоож олон боть цай, 7 тонн арц, иж бүрэн тавилгатай таван ханатай гэр хоёрыг, бурхан шүтээн, Улааны шашны номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг шүншигт нь хийсэн байна. Мөн оройн хэсгийн бунхан дотор Ноён хутагтын номлосон сургаалийн дагуу жинхэнэ сүншигийг нь хийж битүүмжилсэн байна. Гол амин мод буюу сорогшинг Төв аймгийн Батсүмбэр сумын Минжийн хангайгаас авчирч, эргэн тойронд нь олон суваргын чуулбар хийжээ. Түүнээс доош байх танхим руу нэгэн олс уяаг  оруулсан бөгөөд үзүүрт нь том очир уяжээ. Танхимын хойморьт байх Бурхан багш, Гүрү ренбүчийн хөргийг залсан ширээн дээр тэр очирыг тавьжээ. Тэрхүү очирт мөргөхөөр бурханд мөргөж байгаа гэсэн үг гэнэ.

ШАМБАЛЫН ОРОН - ЭНЕРГИЙН ТӨВ: Энергийн төв нь Хамарын хийдээс 3 зм зайтай оршдог. 2006 оны 9-р сарын 10 буюу XYII жарны барагдашгүй гал нохой жилийн намрын тэргүүн сарын Дашням тохиосон хар бар билэгт сайн өдөр сэргээн дуусгаж олон түмэнд нээсэн. Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсанаас хойш 166 жил өнгөрчээ. Хамарын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын оронд зорчих цэгийг тодорхойлжээ.  Энергийн төвд нар мандахтай зэрэгцэн очвол сайн хэмээнэ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар байдаг хэмээн үздэг. Шамбалын орон гэдэг нь "оюуны орон" гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун  санаагаараа очиж чадах "Бурханы орон" гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орныг тойруулан суварга бүхий хашаа босгон тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан. Шамбалын орон 25 хаадтай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном уншдаг. Шамбалын орны хойморт олон эрдэмтэд хэмжилт хийж баталсан гэх энергийн урсгалтай газарт галт уулын улаан барзгар чулуу бүхий шороон тойрог бий. Энэхүү “Энергийн төв” дээр хөл нүцгэн гишгэж хөрвөөдөг ба ингэснээр өөрийн биеийн дотоод чадварыг сайжруулах энергийг биедээ авна гэсэн утга юм. Шамбалын орон 8 том, 100 жижиг суваргатай, дөрвөн хаалгатай. Баруун хаалгыг “хилэнцийг арилгах алтан хаалга”, зүүн хаалгыг “буян заяа оршоож амгаланг урих” хаалга хэмээнэ. Сүсэгтнүүд урд хаалгаар орж гарах ба номын авшигтангууд баруун хаалгаар орж зүүн хаалгаар гардаг.

Бодияаны мэлмий: Шамбалын орны үүдэнд бурханы мэлмий дүрслэгдсэн байдаг. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж байсан гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээнэ. Энэ мэлмийг ширтэж бясалгах учиртай ба “Адистэд Жанлав ихтэй энэ газрын нөлөөгөөр миний бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл бүхэн арилж байна” хэмээн бясалгаснаар үйлдсэн гэм ариусаж засал ном уншуулаагүй хүмүүст засал болж байдаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ. Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх шиг, нүд ирмэж байгаа юм шиг, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох, туяарах гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэ Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг. Дараа нь бясалгах явцад ухаарсан гэм нүгэлээ цаасан дээр бичиж “Бирдийн ходоод” гэх чулуун хадны хонхор нүхэнд хийж шатаах үйл хийдэг.

Цагийн хүрдний цагираг: Дараа нь бие, хэл, сэтгэл ариусаж буйг илэрхийлэн “цагийн хүрд” хэмээх өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг бэлгэдсэн цувраа гурван цагираг бүхий овоонд өргөл өргөнө. Хилэнц, гэм нүгэлээс ангижирч бие, хэл, сэтгэлийн өргөл үйлдэж, ерөөл хэлж, “хойд төрөлдөө Шамбалын дагшин оронд төрүүлж хайрлана уу” хэмээн сүсэглэх учиртай. Мандлын гурван цагираг нь Шамбалын орныг бусад орчинтой холбогч шидтэй бөгөөд Шарилын уул буюу Хан баянзүрх уултай холбодог тул сэржимээр өргөл өргөнө.

Алтан гавал овоо: Энергийн төвийн хойд дэнж дээр байх “Алтан гавал овоо”-нд гарч хадаг өргөн залбирал үйлдэж гурвантаа тойрно. Эл овоог Шамбалын орны замбуулин дээрх хүйс гэж үздэг. Алтан гавал овоонд “ум сайн амгалан болтугай” хэмээн гурван удаа хэлж хүндэтгэл үзүүлснээр Шамбалын хаан Рэгдэндагва баатар тэргүүтэн ихэд баясан сүсэглэсэн хүмүүний дотоод тамир, гэрлэн хүрээг нөхөж адистэд оршоон хишиг хүртээдэг ажээ. Өмнөх тахилын ширээн дээрх цөгцнүүдэд идээ будаа өргөнө.  

Үлэмжийн чанарын суварга: Дараа нь урд хаалганы хойно босгосон Үлэмжийн чанар дууны үг сийлээстэй суварганы дэргэд ирж таван бадаг бүхий бүтнээр нь дуулна. Хутагтын зохиосон таван мэдрэхүйн чинадад хальсан таван бадаг “Үзэмжийн чанар” дууны мөр шад бүхэнд “ногоон дарь эх”-ийн тарни шингэсэн тул бүтэн дуулахад дарь эхийн тарни 1000 удаа уншсантай тэнцдэг байна. Ийнхүү Шамбалын орны урд хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна.

Шамбалын ерөөл баяр: Хамарын хийдийн лам хуврагууд 1854 оноос хойш 160 гаруй жил Цогт цагийн хүрдэний Дүйжүд нянбо хэмээх ном уншиж, хамаг амьтныг Шамбалын орноо дагуулах билиг ерөөл гүйцэтгэх зан үйлийг тасралтгүй хийж иржээ. Эдүгээ жил бүрийн 9 сард Шамбалын ерөөл айлдах ёслол үйлддэг уламжлал тогтсон. Энэ өдөр нийтээр хуралд даган баясаж, бурхадын тавьсан ерөөлд багтаж гэм нүглээ наманчилж, өөрийн үйл бүтээлийг даатгаж, нас буяныг арвитгаж, нас барагсдын хойноос буян үйлдэж, залбирах, гороолох, арц хүж өргөх, зул бадраах үйлийг хийдэг.

Сакура цэцэглэдэг учир: Жил бүрийн 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр Энергийн төвийн зүүн талын жалга хөндийд сакура цэцэглэдэг. Ноён хутагт зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Бурханы шашны нууц тарнийн номонд нэвтэрхий хүн байсан тул газар газраас олон хэлийн хүн ирж шавь орж нууц тарнийн ухаанд суралцдаг байжээ. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн гэдэг. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэгэн япон залуу хутагтыг бишрэн Хамарын хийдийн газар ирж шавь орсон бөгөөд 3 жил суухдаа эх нутгаа санагалзан сакура модны үр суулгасан ажээ. Тэр япон хүнийг нутгийнхан “морьтой баатар” гэж дууддаг байсан ба зарим нь “Морито” гэх нэр нь тийнхүү сунжирсан гэж үздэг. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон сэлэм бэлэглэсэн нь эдүгээ Данзанравжаа судлалын музейд хадгалагдан үлдсэн байдаг.

Ёлхойн хавцал буюу Даяанчийн агуй: Ёлхойн хавцалд Даяанч лам нарын 1820 оноос бясалгал хийж байсан 108 агуй байдаг. Мөн энд ноён хутагт Данзанравжаагийн “дээд бясалгал” буюу 108 хоногийн тусгай дэг жаягтай бясалгал үйлдэж шидийг олсон “манзын агуй”, хийдийн егүзэр нарын бясалгал үйлддэг агуйнууд бий. Тэдгээрийн заримд шүтээн тахилууд залагдсан байдаг ба тэдгээрийг үзэж танилцсаны дараа “Эхийн умай” агуйд очно. Эхийн умайгаар ороод гарахад дахин төрсөн мэт сэтгэгдэл авч шинэ төрсөн хүүхэд шиг ариуслыг олж авдаг байна. Чулуун шатаар уруудаж өвчин анагаах увидаст ханан хаданд очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг ажээ.

Тонтой овоо: Данзанравжаа хутагт эх хүнийг, эмэгтэй хүнийг дээдлэн хүндэтгэх үүднээс Тонтой овоог босгожээ. Тухайн нийгэмд эмэгтэй хүнийг дорд үзэж уул овоонд гаргадаггүй байсан тул эмэгтэйчүүдэд зориулж энэ овоог босгожээ. Зөвхөн эмэгтэйчүүд гарч сүү өргөн сайн сайхан хүсэл, ерөөлөө хэлж гороолдог. Харин эрэгтэйчүүд нэг л удаа гарч болох ба энэ нь эхийгээ алдсаны дараа нэг удаа гарч сүү өргөдөг ёсонтой. Сүүгээ өргөөд наран ургахыг харж сайн сайхныг бэлгэдэн мөргөнө.

Луутын цав: Хамарын хийдээс 1.5 км зайд хойноос урагш 2 га талбай хамарсан Луутын цав хэмээх газар бий. Улаан, шар, хөх шавар дов толгод бүхий цав юм. Эндээс “иогундант” хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн ясыг судлаачид олжээ. Мөн өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтдын болон ургамлын үлдэгдэл олдсон байна.

ХҮСЛИЙН ХАР УУЛ: Хийдээс баруун хойно 20 км орчим зайд  Хүслийн хар уул байх бөгөөд энэ ууланд ирсэн хэн боловч хүсэл мөрөөдлөө цаасан дээр бичээд “хүслийн бумба”-нд хийнэ. Уул руу өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Бумбанд хүслээ хийсний дараа Жамсран бурханы сүмд очно. Эл сүмээс дээш зөвхөн эрэгтэйчүүд нь өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоонд сэржим өргөн гороолж хүсэх зүйлээ чангаар хэлнэ. Дараа нь сэржмээсээ өөрөө хүртээд үлдсэнийг нь авч яваад рашаан болгон арвижуулж хэрэглэнэ. Эмэгтэйчүүд, хүүхэд, настнууд доод овоонд нь хүндэтгэл үзүүлдэг. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Мөн энэ ууланд ноён нутагт Данзанравжаагийн сүнс оршдог хэмээн сүсэглэдэг. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэдэг. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байдаг. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг.

Зоогийн хоолой: Сайншанд хотоос зүүн урагш 19 км зайд Чойлингийн уул байх ба эл уулын урдуурх хөндийг Зоогийн хоолой гэнэ. Зоогийн хоолойн урдуур Ханбаян зүрх уул байрлана. Зоогийн хоолой нь хойд, урд талаараа нам уулсаар хүрээлэгдсэн ургамал, амьтны зүйлээр баялаг, бэлчээр сайтай, ховор ан амьтан идээшин нутаглах үзэсгэлэнт газар нутаг юм.

Хашаатын говь: Дорноговь аймгийн төвөөс урагш 48 км зайд орших ба аймгийн төвтэй хамгийн ойр орших заган ой бүхий газар юм. Ойн нийт талбай нь 9033.54 га газар бөгөөд зүүн хойноос баруун урагш сунаж тогтсон ой юм. Энд заг, хайлаас, сухай, харгана, бударгана зэрэг 20-иод төрлийн мод, сөөг, 200 орчим зүйл дээд ургамал, цагаан зээр, боролзон туулай, үнэг, чоно, шар оготно, буглаа цох, хар цох, аалз зэрэг амьтан ургамлын бүрдэлтэй.

 

ҮЙЛЧИЛГЭЭ: Хамарын хийдийн орчинд халуун хоол цайгаар захиалгат үйлчилгээ хийж, гэр сууцаар хангах 18 ААН, иргэний 94 гэр буудал ажилладаг. Гэрүүд 3-5 ортой ба хоногийн 50 000 төгрөгний үнэтэй.

  • Наран-Эрдэнэ буудал: 2 гэртэй, 10 ортой, утас 99048962, 96048962, 89048962
  • Нарангэрэлийн буудал: 3 гэрт 10-15 ортой, утас 99124794, 91185659
  • Ундрах буудал: 3 гэрт 15-20 ортой, утас 95569004, 96747000
  • Өгөөмөр буудал: 3 гэрт 15-20 ортой, утас 91161272, 88848551
  • Мандах нар буудал: 3 гэрт 20 ортой, утас 96333021, 99688164, 88899621
  • Цогзолмаагийн буудал: 2 гэр, 2 байшинд 18-20 ортой, утас 99710152, 99213531
  • Хутагтын өргөө буудал: 4 гэрт 20-30 ортой, утас 99983099, 99930510
  • Есөн хүслийн ундраа буудал: 4 гэрт 20 ортой, утас 91004444, 91962222
  • Сувдан өргөө буудал: 5 гэрт 25 ортой, утас 96506040, 88516040
  • Наран мандах буудал: 5 гэрт 30-40 ортой, утас: 90321132, 94324432
  • Түвшин сайхан буудал: 6 гэрт 30-35 ортой, утас 99185212, 96662513
  • Буян арвижих буудал: 7 гэрт 30-35 ортой, утас 96313107, 96313100, 99526040
  • Гэг буудал:  8 гэрт 30-40 ортой, утас 96340151, 80340151
  • Говийн зэрэглээ буудал: 8 гэрт 30-40 ортой, утас 99814954, 96620618
  • Банкны буудал: 8 гэрт 30-35 ортой, утас 96442209, 99822209, 88242209
  • Шинэ өглөө буудал: 8 гэрт 40-50 ортой, утас 96553955, 99688259, 89295508
  • Дэлгэрэх бууудал: 8 гэр, 3 байшинд 50-60 ортой, утас 96092059, 88204334

 

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах