Тариатын Зүүн хүрээ (Тариатын доод хүрээ) нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуугы нутаг одоогийн Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн нутагт сумын төвөөс баруун тийш 52 км зайд Тариатын гол хэмээх газарт оршиж байжээ. Эдүгээ Тариатын хүрээний туурийн баруун талд Эрээн мод, зүүн талд Дээд Баян улаан, хойд талд Ногоон ховог уул оршдог. Эдүгээ сүм, дуган, суварганы ором туурь нь газарт далан маягаар үлдсэн байна. Тариатын хүрээ нь 2000 гаруй лам хуврагтай Далай Чойнхор вангийн хошууны буддын соёлын төв, Халхын эрдэм соёлын өлгий байсан гэж үздэг.
Гол хүрээ, Баруун хүрээ, Зүүн хүрээ гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж дундуураа нарийн гол горхиор зааглагдан оршиж байсан. Вааран дээвэртэй, төвд хэлбэрийн тоосгон дугануудтай, алтан ганжируудтай, 30 гаруй эгнэсэн суваргатай, маш тохилог, хатуу чанга дэг жаягтай хүрээ байжээ. Тариатын хүрээ нь усан туулай жил буюу 1723 онд 4 аймаг байгуулж, аймаг бүрийн хурал хурснаар үйл ажиллагаа нь эхэлжээ.
1769 онд Дашгамдамчойлин дуган, 1809 онд Чойрын хурал, 1813 онд Дүйнхорын хурал, 1825 онд Жүдийн дацанг байгуулж, 1841 оноос Гэсэр цам харайж, 1842 оноос зурхайн дацанг үүсгэж, 1849 оноос Гавжийн дамжаа, 1855 оноос Равжамбын дамжаа барьж, 1867 оноос эхлэн Маарамбын дамжаа барьжээ.
Тариатын хүрээнд 1886 онд 44 тохой өндөр Алтан Майдар, 1889 онд 80 тохой өндөр Богд Зонховын дүрийг байгуулсан нь бусад хошуудын төв төдийгүй Их Хүрээнд ч байгуулаагүй буддын шашны том бүтээн байгуулалт байжээ. Жил бүрийн намар Эрлэг номун хааны Жахор цам, Гэсэр мэргэн харваач хааны туужаас сэдэвлэсэн Гэсэр цам харайж, Майдар эргэдэг байжээ. Тариатын хүрээний цамд сарлагийн цам, өндөг тэвэрсэн тахиачин өвгөний багт бүжгүүд тоглогддог байснаараа Монгол орны бусад сүм хийдийн цамуудаас ялгардаг байжээ.
Маш богино хугацаанд ингэж өргөжин тэлж хүчирхэгжиж байсан нь хөрш зэргэлдээ орших Дайчин вангийн хүрээтэй бүх талаараа өрсөлдөж байсантай холбоотой гэж үздэг. Далай чойнхор вангийн хошууны ард түмэн нийтээр сүсэглэн тахидаг гол сахиус нь Балданлхам бурхан буюу “Лхам” сахиус (санскритаар Шри-дэви, төвдөөр Палданлхам, монголоор Төгс цогт охин тэнгэр) байсан бөгөөд Цагаан дарь эхийн хувилсан догшин дүр, Арван догшин хангалын дунд орших ганц эм чойжин сахиус юм.
Богд хаант Монгол Улсын үед 1916 онд Тариатын хүрээний Гачин лам Лувсандэндэв, Лхарамба лам Лувсанцэрэн, хувилгаан тойн Шаравжамц нарт Богд хааны зарлигаар “хамба” ямба олгож байжээ.
Эдүгээ энэ том хийд хүрээнээс овоорсон шороо, хөх тоосгоны үлдэгдлүүд, эртний ур хийц бүхий төмөр хадаас, суурийн засмал чулуунууд, 1990-ээд оны дундуур сэргээж байсан дуганы нурсан балгаснаас өөр зүйл үлдээгүй байна. Монголын түүхэнд Тариатын бослого хэмээгддэг лам нарын хөдөлгөөн нь 4 аймгийг хамарсан бөгөөд Тариатын хүрээний лам нар дээр төвлөрч байсан гэдэг. Бослогыг дарах үед Тариатын хүрээний 100 гаруй барилгыг эвдэж устгасан түүхтэй.
Тариатын хүрээнээс олон алдартай лам хувраг, хувилгаан, мэргэн хутагтууд төрсөн бөгөөд түүний дотор алдарт маарамба Лүнхрэг Дандар (1831 – 1920 он) тус хүрээнд бага залуугаасаа маарамбын эрдэмд суралцаж “Их Дандар” хэмээн алдаршсан юм. “Эмийн 4 үндэсний дохионы тайлбар, шүүмжлэл” бүтээл 2 боть, “Эмийн 4 үндэсний зарим утгыг тайлсан намжил ар үрийн эрхийн үзэсгэлэн чимэг” бүтээл нь Төвдийн анагаах ухааны ном судруудын андуурал эндүүрлийг шүүмжлэн өөрийн санаа бодлыг тусгасан зохиол бөгөөд эдгээр ном судрууд нь эдүгээ ч Энэтхэг, Төвдийн уламжлалт анагаах ухааны сургалтанд хэрэглэгдэж байдаг. Лүнхрэг Дандарын “Анагаах ухааны 4 үндсийн тайлбар” зохиол нь 156 бүлэг 870 хуудастай, мөн 100 хуудастай “Анагаах ухааны түүх биндэръяа толь” гар бичмээл судар нь Гандан хийдэд хадгалагдаж байна. “Анагаах ухааны бүгдийн оройн дээд цог төгөлдөр 4 үндэсний тайлбар өвөг эцгийн аман захиа урд хойт хоёр хийгээд “Бидэр омбо”-уудын ялгалыг сайтар өгүүлсэн намжил ар үрийн эрхэс” хэмээх зохиол нь асуулт хариулт буюу “ном хаялцах” дэг ёсоор бичигдсэн нь уламжлалт анагаах ухааны ном зохиолд тохиолддоггүй маш сонирхолтой бүтээл ажээ. “Халуун хүйтний судлал Цагаадан Галдан Тагжид” нэрт 30 гаруй хуудас бүтээлдээ халуун оронд ургадаг эмийн ургамал, манай оронд ургадаггүй ургамлуудыг хэрхэн орлуулах тухай бичсэн байдаг. Эдгээр бүх ном зохиолыг нь Тариатын хүрээнд барлан хэвлэжээ. Маарамба Лүнхрэг Дандар нь 1. Таван цул, зургаан савын өвчнийг судас болон шээсээр алдаа мадаггүй оношлодог байсан, 2. Монголд ургадаг 600 гаруй нэр төрлийн эмийн ургамлын хүчин чадлыг зөв таньж мэдэн эзэмшсэн, 3. Монгол хүнд зайлшгүй тохирох эмийг цаг агаарын ялгаатай нөхцөлөөр бүсчлэн тогтоож чадсан, гэдэг.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах