Говийн догшин ноён нутагт Данзанравжаа Ханбогд хайрханы дэргэд 7 хоног бясалгал үйлдээд 30 хоног мориор давхиж нутаг орныг сонирхон шинжсэний дараа “энэ орон нутаг бол миний зөвхөн ирээд буцах газар биш, би амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлэх ёстой юм байна” хэмээжээ. Бараа бологсод нь “энэ ямар газар нутаг вэ” хэмээн асуухад “энэ газрыг шүтэж чадах юм бол хүний ид шиднээс илүү байгалийн ид шид ноёлсон, хүмүүст дэндүү их сайн сайхныг өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт хүн амьтнаа аваад үлдэж чадах нутаг байна” гэж айлджээ. Ноён Хутагт амьдралынхаа 20-иод жилийг энэ газар нутагт өнгөрүүлж, Галбын говийн уулсын дунд Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд хэмээх холбоо гурван хийдийг байгуулжээ. Эдгээр “Галбын гурван хийд”-ийг 1830-1836 оны хооронд барьж байгуулсан бөгөөд хоорондоо 5-6 километр зайтайгаар Чандмань эрдэнэ байрлалтайгаар байгуулагджээ.
Дэмчогийн хийд нь Ханбогд уулнаас зүүн хойш 14 километр зайтай бөгөөд энэ хоёрын хооронд энергийн урсгал нэвт урсдаг байна. Хоорондуур нь гарвал энерги авна хэмээдэг. 2007 онд ШУА-ийн физикийн хүрээлэнгийн доктор Дашням Дэмчогийн хийдэд очиж энергийн төв цэг болон бүсийг тогтоох судалгаа хийжээ. Тийнхүү тогтооход ноён хутагтын номын ширээгээ залж байсан хадан тавцан нь энергийн төв цэг байсан гэнэ. Гол цэгээс 15 километр радиуст энергийн бүс байгааг эрдэмтэд тогтоожээ. Дэмчогийн хийд нь зөвхөн эргэл мөргөл, ариусал бясалгалын чиглэлээр байгуулагдсан бөгөөд дүйцэн өдрүүдэд хурал хурдаг хийд байжээ.
Ноён хутагт Дэмчогийн хийд дээр намаржиж, Цагаан толгойн хийдэд зусдаг байжээ. (Цагаан толгой хийдийн туурь)
Эрээтийн хийдэд ноён хутагт улааны урсгалын ном судар үзэж судалдаг, тэр чиглэлийн сургаал номоо айлддаг байжээ. Цагаан толгойн хийд нь сүсэгтэн ард түмэнд нилээн ойр, тэдэнд зориулсан хийд байжээ. Цагаан толгой хийд рүү очихдоо Харанхуйн ам, Гэгээтийн ам гэдэг газраар дайрч очдог. (Эрээтийн хийдийн туурь )
Эх сурвалж: Монгол орны лавлах