Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн нутаг Их модотын амны эхэнд Хөгшин Тээлийн балгас хэмээх эртний нэгэн суурингийн туурь бий. Эл балгасыг анх 1926 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол – Түвдийн шинжилгээний анги тодорхойлж, тэнд байсан нангиад бичигт хөшөөний хуулбарыг авч, бичээсийг орчуулсан байдаг. Дараа нь 1957 онд Монголын археологич Н.Сэр-Оджав Улаанбаатар хотод авчирчээ. Хөшөөг 1278 онд бүтээж 306 ширхэг эртний хятад ханзаар 20 мөр бичээс үйлдсэнийг хятад бичгийн эрдэмтэн Ц.Хандсүрэн тайлан уншжээ.
Бичээсийн агуулгад Хубилай хааны удирдсан цэрэг Хуай мөрний зүүн этгээдийн дэд юаншуай, зүүн жигүүрийг хамгаалах шадар цэргийн захирагч Цзя Мангутай байлдахаар Иду ууланд хүрч, тэндээ хот суурин байгуулсан тухай өгүүлдэг. Дараа нь цэргийн зөвлөх, сайд, туслагч, түшмэд цуглан “мэргэн харваач”-ийг шалгаруулж наадсаны эцэст хотдоо нэр өгөх тухай зөвлөлдөн ярилцаад байгуулсан хотоо “Сүрийг бадруулагч цэргийн хот” хэмээн нэрлэсэн тухай тэмдэглэсэн ба эл хөшөө нь эдүгээ Монголын үндэсний музейн “Монголын эзэнт гүрэн”-ий танхимд хадгалагдаж байна.