Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт орших Уйгарын хот суурингийн нэг Байбалык хотын үлдэгдэл балгас юм. Сумын төвөөс баруун тийш 14км зайд байдаг бөгөөд нутгийнхан Бийбулаг гэж нэрлэдэг. Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Моюнчур хаанд зориулан босгосон гэрэлт хөшөөний 44 дүгээр мөрөнд “Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд, табагач нарт даалгалаа би” хэмээн тэмдэглэсэн байдаг учир эл хотыг Уйгарын хаан Моюнчурын зарлигаар байгуулсан бололтой хэмээн судлаачид үздэг.