Төрийн их заргач Шихихутагийг 5 настай байхад нь олсон газар юм. Шихихутаг “Алтан ураг”-ийнхны хүрээлэлд өсөж Тэмүжиний “дээлтэй төрсөн дүү” гэгдэж хожим Чингис хааны сайд нарын нэг болж өргөн түмэнд “Төрийн их заргач Шихихутаг” хэмээн алдаршжээ.
1196 онд Алтан улс 30 мянган цэрэг агсаж Татаарын Мэгүжин сүүлттэй дайтахаар ирэхэд Халхын голоор нутаглаж байсан Татарууд Улз гол өгсөн дутааж Хусуту шүтээн, Нарату шүтээн гэдэг газарт хороо бэхлэлт байгуулан хориглож байжээ. Үүнийг мэдсэн Чингис хаан Хэрэйдийн ван ханд элч илгээж “татаарууд бол өвөг дээдсийг минь хорлосон өштөн, одоо Мэгүжин сүүлт Алтан улсаас дутааж Улз гол өөд ирээд байна, тэднээс өшөө авах цаг болсон” гэж хэлүүлжээ. Тоорил хан өөрийн цэргийн хамт гурван хоногийн дараа хүчин туслахаар ирж Чингис хаантай хамтран Татаарын бэхлэлтийг эвдлэн орж Мэгүжин сүүлтийг барьж тэнд нь хороогоод Нарату шүтээнд гээгдэж орхигдсон нэгэн хүүг олж авчээ.
Орхигдсон хөвүүнийг үзтэл дөртэй алтан ээмэг зүүсэн, булгаар доторлосон торгон элгэвч (хантааз) өмссөн байсан бөгөөд Өүлэн эхэд авчирч өгөхөд “Сайн хүний хөвүүн биз, язгуур сайт хүний ураг биз, таван хөвүүний дараах зургадугаар хөвүүн болгоё” гээд Шихихутаг хэмээх нэр хайрлаж асарсан гэдэг.
Тэмүжин Монголын олон аймгийг нэгтгэж явахдаа Мэргидийн нутгаас олж авсан Хүч, Дайдуудын басуд овогтны нутгаас Хөхч, Жүрхиний нутгаас Борхул хэмээх хүү, Татаарын бэхлэлтээс Шихихутаг гээд дөрвөн хөвүүнийг олж Өүлэн эхэд өгч асруулахад Өүлэн хатан өөрийн хөвүүдийн адил өсгөж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэжээ. Тэдгээр хөвгүүд хожим Чингис хааны үнэнч найдвартай анд, өрлөг баатар жанжин, суут мэргэн сайд нар болсон юм.
Чингис хаан их хуралдай дээр Монгол улсын төрийг засахад хүчээ өргөсөн 9 өрлөг, 88 гавъяатан, 95 мянганы ноёдыг нэгд нэгэнгүй нэр заан шагнажээ. Түүний дотор Шихихутагт “Чи миний зургадугаар дүү биш үү, өргөмөл дүү чамд өөрийн бусад дүү нарын адилаар өмч хуваан олгоё. Бас чиний ач тусын хариуд есөн удаагийн алдал осолыг хэлтрүүлье” гэж зарлиг буулган “Мөнх тэнгэрийн ивээлээр гүр улсыг зүглүүлж бүхийд чи үзэх нүдэн, сонсох чих болж яв. Чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно, шийтгэсэн хэргийг “хөх дэвтэр”-т бичиж дэвтэрлэгтүн” хэмээн зариг болжээ.
Улз гол нь Халхын язгуур нутаг бөгөөд Сэцэнхан аймгийн баруун гарын зүүн хошууны газар гэж 1920-иод оны Хятадын “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” хэмээх зурагт тэмдэглэлд Хусуту шүтээн, Нарату шүтээн гэж дурдан үйлджээ.