Чингисийн далан

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хуучин төвийн баруун талаас эхлээд Нарийн хөндийд хүрч, Сайн цагаан нуурын хойгуур гарч, Норовлин сум, Дорнод аймгийн Баяндун сум, Хэрмийн худаг зэрэг газраар дамжин Цагаан-Овоо, Сэргэлэн, Гурванзагал сумдын нутгаар БНХАУ-ын нутагт ортол хэсэг хэсэг газар тасран үргэлжилсэн 500-600 километр урттай шороон хэрэм бөгөөд Монголын нутагт 300 километр нь хамаарна. Хэрмийн урд талд харуулын цагдаа цэрэг суудаг байсан гэх 40 х 50 метр жижиг дөрвөлжин шороон хэрэмнүүд бий. Жишээ нь Дөрвөлжин буудал, Улзын өндөр довын хэрэм, Могойн адгийн хэрэм, Өгөөмөрийн хэрэм, Дэлгэрэхийн тал, Баянбулагийн хэрэм болно. Эдгээр хэрмийн хооронд өдрийн буюу үдийн газар байдаг гэж нутгийнхан хэлэлцдэг. Заримынх нь хоорондын зай нь 8-12 километр байдаг.
 
Хэрмийн дотор хүн сууж байсан ул  мөр илрээгүй бөгөөд ваар савны үлдэцүүд олдсон байна. Ийм хэрэм Чингис хааны хэрмэн замын дагуу олон бий гэж нутгийнхан ярилцдаг. Тэр ч байтугай хоногийн газрын хэрэм нь дөрвөлжин, өдрийн газрын хэрэм нь гурвалжин гэлцдэг. Үүнтэй адил урттай хэрэм болон хэрмийн дагуу жижиг шороон хэрэмтэй газар Монголын өмнөд хэсэгт бас бий. Тухайлбал Өмнөговь аймгийн Номгон сум, Хүрмэн, Баяндалай, Ноён сумдын нутагт Чингисийн далан гэдэг нэртэй ийм шороон урт хэрэм бий. Энэхүү Чингисийн хэрмэн замыг судлаачид эрт цагийн ямар нэгэн харь аймгийн хил байсан болов уу гэж таамагладаг ч өнөөг хүртэл даланг нарийвчлан судлаагүй байна.