Цогтын цагаан байшин

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Чин толгойн хэрэмнээс зүүн хойшоо 20 гаруй км зайд, Халдунзүрх уулын бэлд Тансаг тал хэмээх Туул голын хөндийд оршино. Цогт тайж 17 жилийн туршид 6 сүм хийдийг бариулсны нэг нь энэхүү Чандмань хэмээх сүм юм. Цогт хунтайжийн ээж Мадай Тайгал хатны өргөө, номын сургууль байснаас гадна Цогт хунтайж өөрөө суудаг байсан учир Цогтын ордон буюу Цогтын цагаан байшин хэмээгдэх болжээ. Уран гоё чимэглэгдсэн цагаан орд сууцанд бурхан шүтээн залах олон өрөө тасалгаа байдаг байв. Эндээс өнгө өнгийн паалантай, луу, цэцэг, угалзан хээ бүхий вааран чимэглэл, барилгын эд хэсгүүд, бурханы толгой, хөл, хүзүүний чимэг зэрэг олдворуудыг олсон учраас буддын шүтээнтэй сүм байжээ гэж үзсэн. Мөн ойр орчноос нь газар тариалан хөгжүүлж байсны гэрч болох тариа цайруулах бул чулуу, усалгааны шуудууны ор мөрийг ч олсон байна.

Байшин гадуураа хэд хэдэн жижиг хэрэмтэй, дуган хэлбэртэй, хятад вааран дээвэртэйгээр баригдсан байжээ. Зүүн өмнөд хэсэгт хэрмийн хаалга байсан. Эргэн тойронд нь барилгын үлдэц олон байгаа нь түүнийг тойроод нэлээд хүн ам сууж байсны гэрч юм. Цогтын цагаан байшинг хуучин барилгын суурь дээр барьж хэрмийн доод хэсгийг чулуу өрж тэг дундаас дээш хэсгийг тоосгоор үйлдсэнийг илрүүлсэн байна.

Эл дурсгалыг 1889, 1895 онд Клеменц нар үзэж анхны эрдэм шинжилгээний тодорхойлолт бичсэн бөгөөд 1894 онд Георг Хут тэнд босгосон хөшөө чулууны монгол, төвд бичээсийг герман орчуулгын хамт нийтэлжээ. Мөн 1933 – 1934 онд Оросын эрдэмтэн Д.Д.Букенич бага сага малталт хийж шинжилсэн дээрх агуулга бүхий тайлан одоо ШУА-ийн түүхийн хүрээлэнд хадгалагдаж буй.

Уг ордыг эртний нийслэл Хархорум хотын барилгын уран загвар маягаар барьсан бөгөөд ордонд маш их хөлгөн судар, янз бүрийн ном бүхий баялаг номын сан байжээ. Ордны зүүн овоо буюу Мэлхийт толгой дээр чулуун яст мэлхий урлаж тавьсан нь ур хийцээрээ Хархорум хотод байсан чулуун яст мэлхийтэй адилхан байдаг. Одоо энд байшингийн хананы үлдэгдэл,  чулуун тавцан бүхий бичигт хөшөө бий. Тэр хөшөөнд энэхүү байшингийн цогцолбор дурсгалыг 1601 оноос барьж эхэлсэн тухай түүхийг монгол, төвдөөр бичжээ. Түүнээс гадна бурханы шашны товч түүх, Цогт тайжийн угсаа гарвал, цагаан байшингийн бүтэц зохион байгуулалт, бурхан шүтээний байршил зэргийг товч дурдсан байна. Мөн “Туул мөрний тансаг талын өрнө зүгт Халдудын зүрхэн нэрт уулын өмнөд этгээдэд төмөр үхэр жилийн хөхөө сарын 15-наас Сэтгэшгүй чандмань сүмээс эхлэн зургаан сүмийг арван долоон жил болоод гал могой (1617) жилийн зуны эхэн хөхөө сараа дуусав” гэсэн бичээс бий. Цагаан байшингийн барилгууд нь 1627-1630 оны хооронд дотоодын ноёдын дайн самуунд олон дахин өртсөнөөс болж дахин сэргээгдэж чадаагүй. Энэ орд харшийн дурсгалыг 1971 онд улсын хамгаалалтанд авсан.

Туул голын хөндийн энэ хавь газрыг “Бор булан” гэдэг бөгөөд ямар ч зун гандаж хуурайшдаггүй нутаг ажээ. Эндээс зүүн хойш 20 км газарт харагдах Заамар уул нь ямар ч өвөл зутардаггүй нутаг хэмээгддэг. Иймд энэ хавийн нутгийг “Ган болдоггүй Бор булан, зуд болдоггүй Тосон Заамар” гэж нэрлэдэг ажээ.

Цогт хунтайж: 1581онд Чингис хааны алтан ургийн хүн Гэрсэнзийн удам Баарай хошуучийн хүү болон төржээ. Багаасаа гэрээр монгол бичигт суралцсан тухайн үеийн боловсролтой хүмүүсийн нэг байсан бөгөөд орчуулагч, яруу найрагч, цэргийн зүтгэлтэн байв. Буддын шашны улааны урсгалыг баримтлагч, Цахарын Лигдэн хааны бодлогыг тууштай дэмжигч байсан билээ. Өөрийн тугийн доор 40 мянган цэрэг захирч эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан учраас түүхэнд мөнхрөн үлдсэн. Манж нарыг дагалдагч ноёдуудад хавчигдан ганцаардсан тул арга буюу 1630 онд эх орноо орхин Хөх нуурт ирж Цахарын Лигдэн хаантай нэгдэн Манжийн эсрэг тууштай тэмцсээр 1637 онд дайны талбарт амь үрэгджээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах