Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт Чойбалсан хотын төвөөс баруун урагш 10 км орчим зайд орших уулыг 1610 онд Сэцэнхан Шолой анх тахиулж, бөх барилдуулж, морь уралдуулан их найр хийжээ. Энэ үеэс эхлэн уг уулыг Сэцэнхан Шолойн нэрээр Хан уул хэмээн нэрлэх болсон гэдэг. Хан уулыг Баянтүмэн сумынхан болон ойр орчимд нутагладаг ардууд 1937 он хүртэл жил бүр тахиж найр наадам хийдэг байв. 1990-ээд оноос Хан уулын тахилгыг сэргээн Чойбалсан хот, Булган зэрэг ойр орчмын сумынхан тахиж, найр наадам хийх болжээ.
Чойбалсан хотын төвөөс зүүн тийш 20 км зайд орших Хутаг уулыг 1612 оны үед Эрдэнэ ялгуулсан хутагт лам Лувсанданзанням тахиж байжээ. Ялгуулсан хийдийн зүүн өмнө талд 3 км орчим газарт орших тус уулыг Хутагтын нэрэмжит уул болгох зарлигийг Сэцэнхан Шолой гаргасан гэх домог яриа бий. Тэр зарлиг ёсоор Хутагтын уулыг ихэвчлэн лам хуврагууд голлон тахиж иржээ. Хутагтын уул гэдэг нэр нь товчлогдсоор “Хутаг уул” болсон аж.
Хутаг уулаас зүүн өмнө зүгт 10 орчим км зайд орших Баяндэлгэр овоо буюу “Өвгөн овоо” хэмээх газар бий. Энэ овоо нь Хэрлэн голын урагш эргэж урсах газарт, голынхоо баруун эрэг дээр оршино. Овоог Юншөөбү овгийн хүмүүс голлон тахиж, жил бүрийн намар морь уралдуулж, бөх барилдуулан, сур харваж нэлээд том наадам хийдэг байжээ. 1937 оноос өмнө энэ овоог Юншөөбү баячууд голдуу тахин шүтэж байсан гэдэг. 1990-ээд оноос хойш Чойбалсан хотод амьдарч байсан Юншөөбү болон овооны ойролцоо нутаглаж байгаа хүмүүс овоог сэргээн засварлаж жил бүр тахидаг болсон байна. Мөн цагаан сараар хүмүүс овоонд мах шүүс тавьж, тахилга ёслол үйлдэх болсон байна.
Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ойрхон ийм гурван тахилгат уул овоо байдаг. Харин аймгийн ард иргэд тахиж шүтдэг Вангийн цагаан уул, Матадхан уул, Угтам уул зэрэг тайлга тахилгатай газрууд нэлээд бий. Эдүгээ тэдгээрийн заримыг сэргээн тахих болжээ. Монголчууд эрт дээр үеэс байгаль орчноо хайрлан хүндэтгэх, эх дэлхийгээ амьдралын үндэс гэж бишрэн шүтэж хамгаалахын тулд уул овоог тахиж хүндэтгэж ирсэн заншилтай.