Зүүн хязгаарын ноён Тогтохтөр ван болоод нутгийн ард түмэн нарийн арга ухаанаар хил хязгаарын газар нутгийг хамгаалан иржээ. Халхын хил хязгаар нутаг болсон Хулд уулыг Манжид алдсан үед Тогтохтөр ван алдсан уулаа буцааж авах арга сүвэгчилжээ. Манж ноёнд “танай нутгаас шүдлэн үхрийн арьсны хэмжээтэй газар авч ясаа тавъя” гэхэд ноён зөвшөөрчээ. То Ван шүдлэн үхрийн арьсыг утас шиг нарийхан татааслан зүсүүлээд Хулд уулын хормойгоор бүслүүрдэн тойруулж битүү ороогоод манж ноёныг хуурч сэцэн ухаанаар буцаан авсан домог бий. Дараа нь Хулд ууланд “Дархан” цол өргөмжилж “Дархан Хулд уул” хэмээн нэрлэжээ.
Эл домгийг дэлгэрэнгүй өгүүлбээс, Монгол улс Манжийн эрхшээлд байх хүнд хэцүү цаг үед нэгэн манж түшмэл эзэн хаандаа ухаалаг түшмэл болж харагдах гэж ихэд хичээдэг байв. Тэр түшмэл Монгол нутгийн Хулд уулыг өөрийн эзэмшил газар хэмээн өмчлөхөөр улайрч гэнэ. Эл явдалд эгдүүцсэн Халхын мэргэн То ван: “Энэ уул яг нэг үхрийн ширний хэмжээтэй. Үхрийн ширний хэмжээнээс илүү гарсныг нь та ав даа, харин танай манай хоёр айл хөрш болон амьдрах болбол манай нохой идүүртэй хоолноосоо танай нохойд долоолгохгүй байх шүү” гэжээ. Далд утгатай эл үгийг тайлж эс чадсан манж түшмэл “хэчнээн том үхрийн шир байлаа ч бүхэл бүтэн уулнаас юу хороож чадах билээ, ийм тэнэг хүн яаж яваад вангийн зэрэгт хүрсэн юм бол хөөрхий, өнөөх айхтар эр зориг, цэцэн цэлмэг ухаан нь тэгээд энэ үү, би энэ уулыг гартаа оруулсан цагт хаан эзэн миний хичээл зүтгэлийг үнэлэх буй за” гэж сагсуураад, “за тохирлоо шүү, ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж танайхан ярьдаг билээ, энэ уулнаас ердөө нэг үхрийн ширний хэмжээтэй нь танай газар нутаг, илүү гарсан нь бүгд минийх болно шүү” гээд гурав хоногийн дараа уулзахаар болжээ. То ван том эр үхрийн ширийг тойруулан хурц хутгаар утас шиг нарийхан болгон зүсүүлж маш урт сур бэлдэж, хатаж агшихаас нь сэргийлэн усанд хийн хадгалжээ. Болзсон өдөр ирэхэд То ван манж түшмэлд хандаж, “За сайн харж байгаарай” гээд урт сураа хөврүүлсээр Хулд уулыг битүү цагираглан хүрээлэхэд хоёр алд хэртэй үзүүр илүү гарчээ. То ван “манай уулнаас нэлээд хэсгийг нь хулгайч авсан байна. Аав маань эзэн хаанд бэлэглэхээр зэхсэн алтаа энэ ууланд нуусан гэдэг. Гэтэл алт нуусан яг тэр хэсэг нь алга болсон байна, та тэр алтыг хулгайлж аваад дахин алт олох гэж шунахайрч байгаа юм байна. Энэ уулыг манай уул гэж зарга үүсгээд байсан учрыг чинь оллоо. Таны тухай эзэн хаанд зарга мэдүүлэх болно” гэж их л ширүүхэн хэлж гэнэ. Гавъяа шагнал битгий хэл ял шийтгэлд ч унаж магадгүй болсон манж түшмэл сандран, “үгүй дээ тэнгэр угсаат түшмэл минь, би юу дутсан гэж хулгай хийх билээ, тэр алтыг лав өөр муу хүн авсан байх, тэр хулгайчийг барих хэрэгтэй шүү” гээд То ванд мөнгөн ембүү хоёрыг бариад яарч сандран буцжээ. Мэргэн То ван ухаан сийлж нутгийн уулаа харийн түшмэлд алдалгүй авч үлдсэн нь энэ аж. Энэхүү уулыг Вангийн Цагаан уул гэж андуу нэрлэх нь бий.