Цагаан суварга

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Цагаан суварга бол эрт цагт том нуур байсны ул мөр юм. Урт удаан хугацаанд нуурын ус ширгэхэд түүний ёроолын элдэв шаварлаг үе давхаргатай хурдас ил гарч ирсэн. Тэрхүү шаварлаг хурдас зүүн талаасаа он цагийн явцад хур бороо, үерийн усанд идэгдэж өөрчлөгдсөөр эрэг ганга үүсгэж, өвөрмөц сонин хэлбэр дүрстэй болсоор иржээ. Цагаан суварга тогтоцын хамгийн өндөр цэг нь д.т.д 1327 метр болдог. Газрын гадарга нь хуурай сайр, жалга гангаар ихээхэн хэрчигдэж хад чулуу мэт бэхэжсэн байдаг. Эдүгээ өргөөшөө 6000 метр хүртэл үргэлжлэх бөгөөд хоёр зах руугаа намсдаг. Голын хэсэгтээ 8-10 давхар байшинтай тэнцэх хэмжээнд өндөрсөж эгц цавчим босоо хана болон тогтсон байдаг. Цагаан суварга нь зүүн талаасаа сүрлэг сайхан харагддаг бөгөөд баруун талаасаа огт харагддаггүй. Өглөө нар мандах агшинд Цагаан суваргын шавар тогтоц ер бусын үзэсгэлэн төгөлдөр байгалийн өнгийг гайхуулдаг учраас зорин ирсэн хэн бүхэн дуу алдан хүлээж авдаг. Орой нар шингэх үед ч доош үргэлжлэх хөндийтэй уусан солонгорсон өнгө үзэмжийг харуулдаг.
 
Нутгийн ард түмэн эртнээс нааш “Цагаан хайрхан” хэмээн хүндлэн тахиж  ирсэн. 10 гаруй жилийн өмнө аялагч жуулчдын хараанаас далд, цөөхөн хүмүүс очдог газар байсан боловч сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын жуулчдын анхаарлын төвд орж аялал жуулчлалын онцгой газар болсон юм. Цагаан суваргын өвөрмөц тогтцыг үзэж мэдрэн сэтгэлийн таашаал авах гэж, байгалийн өвөрмөц гайхамшигт тогтцын дэргэд зургаа авахуулах гэж, Цагаан суварга дээр өглөөний нар мандах ямар гайхамшигтай байдгийг харах гэж аялагч жуулчид олноор ирдэг болоод байна. Мөн Цагаан суварга дээр гэрэл зурагчид сонирхолтой зураг авах гэж, зураачид өвөрмөц төрхийг нь зурах гэж, урлагийнхан клип хийлгэх гэж, бясалгагч, иогчид өвөрмөц орчинд нь амгалан тайванд уусах гэж зорьж ирдэг болсон. Рок хөгжмийн ертөнцөд алдаршиж буй Хү хамтлагийн клипний зураг авалт ч хийгдсэн байдаг.

Цагаан суварга хайрханы ойролцоо Монголын хамгийн урт агуйнуудын нэг Хэвтээ босоогийн агуй байхаас гадна “Цагаан суварга”, “Говь караван серай” зэрэг орчин үеийн тохижилттой жуулчны баазууд байрладаг. Мобиком, Юнителийн 4G сүлжээ нэвтэрсэн. Энд аялал жуулчлалын эвентүүд зохиогддог болсон бөгөөд 2020 онд Монголын шилдэг уран бүтээлчдийн контенпорари урлагийн “Spirit of Gobi” хэмээх томоохон арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан.  

Хэвтээ босоогийн агуй нь Цагаан суваргаас зүүн тийш 7 км, Өлзийт сумаас 85 км орчимд намхан толгодын дунд байдаг бөгөөд одоогийн урт нь 50 метр орчим. Монгол орны нутаг дэвсгэрт байгаа хамгийн урт агуйнуудын нэг юм. Уг агуй нь наанги шаварт уруйн усны элэгдлээр үүссэнээрээ агуй судлаачдын сонирхолыг татдаг. Агуй судлаач, доктор Э.Авирмэдийн тодорхойлсноор агуйн нэг амнаас нөгөө ам хүртэл газар доогуур 102 метр урт, 200 гаруй метр квадрат талбайтай байжээ. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ. Агуйн орчимд “Хэвтээгийн хайлаас” гэх олон жилийн настай, ургалт нь зогссон өвөрмөц хайлаас бий.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах