Булган, Сэлэнгэ аймгийн зааг хэсэгт, УБ хотоос 500 км, Хялганат тосгоноос 50 км зайд Сэлэнгэ мөрний урсгал дотор ийм нэгэн хад оршдог. БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Ю.Цэдэнбал гуай энэ нутагт үе үе ирж амрахдаа энэхүү хадыг ихэд сонирхон ажиглаж суудаг байсан тухай хууч яриа бий. Үүнээс үүдэлтэйгээр “Бал хад” хэмээн нэрлэгджээ.
Бал хад нь усны мандлаас дээш 11 метр өндөр гэдэг нь Тэрэлжийн Мэлхий хадны тал өндөртэй тэнцэхүйц юм. ХӨ.49.41.25, ЗУ 104.44.25 солбицолд байрладаг бөгөөд Хялганат тосгоныхон “Эко буюу Ногоон аялал жуулчлал”-ын хүрээнд эргэлтэнд оруулах хүсэл сонирхолтой байдаг ажээ. Сэлэнгэ мөрний усан завины аяллын маршрутанд төлөвлөж болох юм. Хялганат тосгон 70 км орчим засмал замаар Эрдэнэт хоттой холбогддог учраас бартаа саад харьцангуй багатай боловч энэхүү хад байгаа орчин тойрон нь ой мод бүхий уул хангай билээ.