Монголын нууц товчооны 70 дугаар зүйлд “Тэр хавар Амбагай хааны хатад Орбай, Сохатай хоёрт Өүлэн Үжин өгүүлүүн: “Есүхэй баатрыг үхэв үү гэж, хөвүүдийг минь том болоогүй гэж ихэсийн хишиг /идээ/ шүүснээс, сархадаас яахан хождуулав, та нар үзтэл /амьхандаа/ идэх үл сэрээн нүүх болов та нар” хэмээжүхүй ... гэжээ. Энэ нь хавар цагт “Ихэсийн газар”-т өргөсөн тахилын идээ шүүснээс бэлэвсрэн үлдсэн Өүлэн эхэд үл хүртээсэн” тухай дурджээ.
Энэхүү Ихэсийн газарт очиж тахилга хийсэн тухай мэдээ нь монголчуудын тахилгын зан үйлийн талаар дурдсан хамгийн эрт үед холбогдох баримт юм. Язгууртан овгууд өөрийн эрх мэдэл, сүр хүч, ноёлох байр сууриа хадгалах үүднээс сүлд хийморио даатгасан шүтээнтэй буюу өөрөөр хэлбэл, өвөг дээдсийнхээ анхлан голомтоо бадраасан нутагт нь жил бүрийн хавар цагт ирж их тахилга хийдэг байсан тухай юм.
Саяхан болтол “Ихэсийн газрын тахилга”-ыг өвөг дээдсийн шарил нутаглуулсан онгонд зориулагдсан гэж судлаачид үзэж ирсэн. Гэвч тийм биш, харин “Бөртэ Чино тэргүүт монгол аймгууд Бурхан халдун уулнаа ирж голомтоо бадраасан ариун газарт өргөж буй тахилга мөн” гэж үзэх болжээ. XYII-XYIII зууны монгол сурвалжуудад Бөртэ Чино-ийг “Йэдийн газар” одсон хэмээн тэмдэглэсэн бөгөөд үүнийг Монголын нууц товчоонд дурдсан “Ихэсийн газар” гэдгийн “цээр нэр” гэж тайлбарласан. Йэдийн газрын байрлалыг одоогийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Өглөгчийн хэрэм орчмын нутаг байж болохоор нотолгоог хэд хэдэн үндэслэлээр судлаачид дэвшүүлжээ.
Өглөгчийн хэрэм нь YIII зууны үед баригдсан ба Бурхан халдун уулнаа ирсэн монгол аймгууд барьсан байх магадлалтай гэж эрдэмтэд үздэг.
Монголын нууц товчооны 88 дугаар зүйлд “Тэмүжин .. Онон мөрөн өөд мөр мөшгив. Өрнөөс Химурга горхин орж ирэн ажгуу. Тэр өөд мөшгөөд Химурга горхины Бэдэр хошууны Хорчухуй болдогт бүхүйд золголдов” хэмээсэн байдаг. Дурдагдсан “Бэдэр” гэгдэх хошуу нь өнөөгийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэръяа хан уул мөн” хэмээн олон судлаачид үзсэн.
Ихэсийн газрын тахилга нь эдүгээ Биндэр овоонд шилжсэн гэж үздэг. Ихэсийн газрын тахилга нь агуулгын хувьд тэнгэр шүтлэгээс өөр ажээ. Өвөг дээдсийн сүр сүлдийг тодорхой газар оронд шингээж байгаагаараа илүү гүнзгий далд утгатай. Ямар нэг лус савдаг, газар усны эзэн, өвөг дээдсийн сүнс, сүлдэнд бус Бөртэ Чино тэргүүт монголчуудын дээд өвөг Бурхан халдун ууланд ирж голомтоо бадраасан газар орон буюу Ихэс дээдсийн газарт өргөж буй зан үйл юм.
Ихэсийн газрын тахилгын ул мөр Монгол орны зарим газар нутгуудад хадгалагдсан байх магадлалтай. Баруун зүгийн нутгаар тахилгын овоог “индэр, ендэр” гэх мэтээр нэрлэдэг нь “биндэр” нэрээс үүдэлтэй байх боломжтой ажээ.