Сутай хайрханы тухай олон янзын домгууд бий. Тэдгээрээс өгүүлбэл, Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэг хэсэг болон Баатар хайрхан уулын зүүн талд урган тогтсон ажээ. Эрт цагт хүмүүс уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан нь он цагийн аясаар “Сутай” болон хувирчээ. Өөр нэгэн домогт, Сутай нутагт унааны ганц морьтой ирсэн харь хошууны нэгэн ард нутгийн олноос цөөн тооны хонь худалдан авч өсгөөд хот дүүрэн хоньтой болжээ. Энэ явдлаас үүдэн Сутай хайрханыг ерөөхдөө “халзан цагаан хонин сүргийн өлзий хишиг дүүрэн Сүмбэр цагаан Алтай юм аа” гэж хэлдэг болжээ. Сутай уулын мөнх цагаан оргилыг нутгийнхан бум буман хонин сүргийн хишиг даллагатай уул хэмээн хүндэтгэн дээдэлж иржээ.