Өмнөговийн баруун захад Гурвантэс сумын нутаг, Тосон Бумбын нурууны салбар Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүрт Ингэн хөөврийн хоолой руу хандаж сумын төвөөс 150 км зайд орших байгалийн үзэсгэлэнт хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй 10 гаруй км үргэлжлэх, 100 – 200 метр гүнзгий жалга бүхий шавар мөргөцөг юм. Нар, салхи, усны элэгдлийн үйл ажиллагаагаар үүссэн цэрдийн галавын хурдас бүхий палеонтологийн ховор олдворт газар юм. Адаг хэсэгтээ 10 км хүртэл өргөн болж ирдэг бөгөөд холоос харахад их хотын балгас мэт харагддаг.