Хануй гол

Хангайн нурууны гол нуруу болох Хан-Өндөр уулаас эх авч Архангай аймгийн нутгаар зүүн хойшоо 421 км урсаад Сэлэнгэ мөрний баруун хэсэгт цутгадаг.  Ус хураах талбайн хэмжээ 14620 хавтгай дөрвөлжин км болно. Хануй голын савд унтарсан галт уул олон байдаг учраас чулуурхаг сайр, хүрмэн чулуун хавцалууд бий. Хүнүй голын бэлчир хүртэл 1-3км өргөн хэсгүүд салаавчлан урсаж, доошлох тусам 20-30 метр гүн эгц хүрмэн хавцал дундуур урсдаг.

Голын дээд хэсэгт ойн бүс таардаг учраас голын урсгал тойрч тахийсан гольдрил үүсгэдэг ба түүний хамгийн өргөн нь 80-110м хүрдэг. Усны гүн нь адагтаа нэмэгдэж цээл цүнхээлд 2.5 метр хүрдэг. Хануй голын урсгалын хурд секундэд 0.5 – 3.5м байдаг.

Хануй голд Сэлэнгийн сав газрын загас бий. Булган аймгийн Баян-Агт сумын нутагт хойд өргөрөгийн 49°10’, зүүн уртрагийн 102°21’ солбицолд Хануй рашаан байдаг ба гидрокарбонат, хлорид, натри, кальцийн найрлагатай.