Идэр гол

Хангайн нурууны ар хажуу буюу Бага Отгонтэнгэр уулын 2700 метр өндрөөс эх авч Булнай, Тарвагатай нурууны хоорондуур давчуу хөндийгөөр урсана. Тус гол нь 452 км урсаад Дэлгэр мөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Ай савын талбай 24555 км.кв, Тосонцэнгэл орчимд олон салаа татуурга үүсгэнэ. Голын үндсэн өргөн 40-60 метр, салаа татуургын өргөн нь 10-15км орчим болно. Усны гүн нь 0.7-2 метр, цээл цүнхээл хэсэгтээ 3.5 метр гүн. Идэр гол нь уулын голын шинжтэй түргэн урсгалт гол бөгөөд урсгалын хурд нь 1.5-2м/сек. Түүнд Чулуут, Хожуул, Зарт, Дээд ба Доод Цэцүүх, Хөнжил гэх мэт олон гол горхи цутгадаг. 10-р сарын дундаас 4-р сарын эх хүртэл 170-180 хоног мөсөн бүрхүүлтэй байдаг. Сэлэнгийн савд байдаг загас элбэгтэй. Идэрийн гол нь ямар ч ганд автаж үзээгүй их уст элбэг баян мөрөн тул нутгийнхан нь "Идэр ижий" хэмээн хүндэтгэн шүтдэг.