Энэ суваргын талаар сонин домог бий. Төвд орноо нэгэн өгөөмөр сэтгэлт эмэгтэй буян хураах зорилгоор суварга босгохыг хүсэж хаанаасаа зөвшөөрөл хүсч газар гуйхад хаан нь "энэ ядуу эмгэн ямар хөрөнгөөрөө суварга босгов" гэж бодоод ”тэг ээ тэг, хүссэнээ хий” гээд нэгэн газрыг зааж өгчээ. Нөгөө эх дөрвөн хүүгийн хүчээр заан, илжиг хоёр хөлөглөн шороо чулуу зөөсөөр ажил нь нэлээн урагштай болж ирэх үед нутгийн ихэс ноёдууд “ядуу эмэгтэй суварга бүтээх нь шадар сайд нар, нутгийн хөрөнгө чинээтэй, нөлөөтэй хүмүүсийн нэр төрд халтай” гэж үзэж суварга босгохыг болиулахаар хаандаа айлтгал өргөжээ. Тэгтэл хаан “Хаан хүн нэг зарлигтай байдаг юм. Нэгэнт би ам алдсан тул түүнээсээ буцах арга алга” гэж хариу хэлжээ. Үүнээс үүдэн уг суваргыг “Ам алдсан” (Жарүн хашор) гэж нэрлэсэн гэнэ.