Мөн энэ буганд чих хийсэн атал бусад буганд хийсэнгүй, бас түүний сэрвээ, урт хөлийг мохоо өнцгөөр төлөөлж, хойд хөлийг нь огтлон авсан адил огцом таслаж, гуяыг бүтэн гаргасан байна. Хамгийн өмнө талын бугын сүүл болон гуяыг бодитойгоор гаргасан атал урд хөлийг огт харуулсангүйгээс гадна хүзүү, гэдсийг дан зураасаар татжээ. Ийнхүү бугын дүрсийг тогтсон загвараас өвөрмөц чөлөөтэй байдлаар урласныг цохон дурдууштай.
Хөшөөний бүсийг дүрслэхдээ баруун гар талаас нь хөндлөн хоёр эгнээ зураасаар татаж эхэлснээ, гурав, гурван цэг нийт зургаан цэг цохиод цааш нь үргэлжлүүлэн дан зураасаар гурвалжин хээ гаргажээ. Хишиг-Өндөрийн буган хөшөө нь он цагийн хувьд буган хөшөөний нийт дурсгалын адил Х.Т.Ө VII-III зуунд хамаарагдах юм.