Хархорум хотын суурь анх YIII зууны үед тавигджээ. Хожим нь XIII зууны үед Хэрэйдийн Ван хан төвлөн сууж байсан бөгөөд нэг хэсэгтээ Монголын цэргийн хуаран, зэвсгийн агуулах болж байв. Түүний дараа Их Монгол Улсын эзэн хаан Чингис 1220 онд улсынхаа нийслэл болгон төвлөрүүлж, Өгөөдэй хаан 1235 оноос хотыг өргөтгөн гадуур нь өндөр хэрмэн хашаа бариулжээ.
Хэрмийн дотор тусгайлан зассан өндөр довжоон дээр чулуун суурьтай, 64 багана бүхий их танхимтай Түмэн-Амгалант хэмээх том ордыг бариулсан гэдэг. Ордны өргөн нь 55-80 метр байсан гэдэг бөгөөд багана болгоныг алтан угалзаар чимж, дээврийг нь улаан, ногоон ваараар бүрсэн байв. Юань улсын сударт улаан бичин жил буюу 1236 оны цагаан сард Түмэн-Амгалант ордонг барьж дуусган ёслол үйлдсэн тухай бичсэн байдаг. Түүнээс хойш Хархорум хотод Өгөөдэй хааны урагт багтах хүмүүсийн нэлээд олон орд харшууд баригдсан гэдэг. Хархорум хотод орд харшийн шат, баганы суурь, гэрэлт хөшөө, түүний суурь яст мэлхий зэргийг чулуугаар урлаж хийх нь түгээмэл байв. Хотоос баруун тийш 20 км зайд Орхон голын Элстэй хэмээх аманд нарийн ширхэгтэй сайн чанарын боржин чулууны орд газар байсан бөгөөд XIII зууны үед тэнд барилгын чулуу засаж бэлддэг томоохон дарханы газар ажиллаж байсныг хожим олдсон олдворууд нотолдог.
Мөнх хааны үед Түмэн-Амгалант ордонд франц дархан Гийом Де Буше 4 төрлийн ундаан гоождог мөнгөн модыг урлажээ. Орой дээр нь бишгүүр үлээж буй Чагаа тэнгэр (монгол дээлтэй далавчит тэнгэр) байсан бөгөөд найр наадмын үеэр бишгүүр нь аялгуулан дуугарч модны голоос дөрвөн зүг хандуулсан дөрвөн алтан лууны амнаас дөрвөн зүйлийн ундаан гоожиж доор нь тоссон мөнгөн саванд цутган ордог байжээ. Тэдгээр дөрвөн зүйлийн амтат ундаа нь дарс, хар айраг, зөгийн балын ундаан, тутаргын исгэн ундаа урсан гоождог байсан бөгөөд ордны үйлчлэгч нар зочдод барьж дайлдаг байсан тухай Мөнх хаанд бараалхан Түмэн-Амгалант ордонд зочилж байсан алдарт жуулчин Гийом Де Рубрук “Монголын эзэнт гүрэнд зорчсон нь” хэмээх номондоо бичсэн байдаг.
Хархорум хот хааш хаашаа 4 км урт шавар хэрмээр хүрээлэгдэж, хэрмийн 4 талд дөрвөн хаалгатай, хаалга тус бүрд худалдаа наймааны зах ажиллаж байжээ. Тухайлбал, зүүн хаалган дээрээ тариа будаа, баруун хаалганы тэнд хонь ямаа, өмнөд хаалган дээрээ үхэр болон үхэр тэрэг, хойд хаалганы тэнд уналгын морьд, морин тэрэг зэргийг худалдаалдаг байсан тухай түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ. Хэрмийн дотор гэрэлт хөшөө бүхий 4 яст мэлхий байсан бөгөөд Хархорумын судалгаагаар нэг гэрэлт хөшөөний хугархайг олж тайлж уншсан нь эдүгээ Хархорин музейд тавигдсан байдаг.
Монголын их хаад аливаа шашныг ялгаварлан үздэггүй байсан учраас Хархорум хотод будда, христос, лалын шашны 15 орчим сүм хийд баригдаж хурал хуран мөргөл үйлддэг байжээ. Мөн Хархорум хотод гар урчуудын урлан төвлөрсөн дүүрэг, ислам худалдаачид голлосон наймааны том гудамж бүхий хороолол байсан байна. Монголын эзэн хаад өөрсдийн байлдан эзэлсэн нутаг орнуудаас авчирсан урчууд дархчуудын хүчээр өрнө дорнын болон үндэсний хэв маягийг хослуулсан орд харш, сүм хийд, хөшөө дурсгал бариулан хотыг хөгжүүлэн тэлжээ.
Хархорум нь хөл хөдөлгөөнтэй хот байсан бөгөөд орос, гүрж, халиф, хятад, итали, франц иргэд оршин суудаг байв. Тухайн үедээ дэлхийн улс орнуудын амьдралд нэн чухал үүрэгтэй байж, өрнө дорнын орнуудыг улс төр, эдийн засаг, соёлын талаар холбож ойртуулах зангилаа газар болж байлаа. Хархорум хотод үйлдвэрлэл маш бага явагдаж байсан хэдий ч тариа тариалж, паалантай тоосго шатааж хавтан гаргах, уулын чулууг засаж өнгөлөх үйлдвэрлэл явуулж, хар төмөрлөг, алт мөнгөний дарханы газар ажилладаг байв. Хотын нийт талбайн гуравны нэг хэсэг нь эзэнт гүрнийг удирдан захирах албат түшмэдүүдэд зориулагддаг байсан ба тэдгээр түшмэдийн тоонд эзэнт гүрний бүх улс үндэстний бичээч орчуулагч нар хүртэл ордог байв.
1246 онд Ромын Папын IY Иннокенти ламын элч Плано Карпини, 1253-1255 онд Францын IX Луй вангийн анд, санваартан Гийом Де Рубрук, 1253 онд Персийн түүхч Ата Мали Жувейни нар Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд ирж байсан бөгөөд тэдний бичиж үлдээсэн тэмдэглэлүүдэд хотын байдал тодорхой бичигдэж үлдсэн байдаг. Хархорум хот бол газар газрын худалдаачдын хэрэн бэдэрсэн хот, шашны олон урсгалын шавь нарын эв найртайгаар ном хаялцдаг байсан амар амгалан хот, Монголын хаадын дэлхийг эзлэхдээ цуглуулсан алт эрдэнэсийг хураасан сан хөмрөг, дагуулж ирсэн гар урчууд, дархчуудынх нь урлан байсан юм.
Хархорум хот 1215 онд галд өртөж байсан боловч тухайн үед сэргээж байжээ. 1264 онд Хубилай хааны зарлигаар нийслэлийг Дайду буюу одоогийн Бээжинд шилжүүлснээр Хархорум хотын нөлөө буурч, худалдаачид, зочид гийчдийн хөл татарсан гэж түүхчид үздэг. Түүний дараа 1380 онд Мин улсын довтолгооноор шатаж, 1412 онд Ойрадын цэргийн довтолгооноор эргэж сэргээх аргагүй болтол ихээхэн сүйдэж, 1500 оны үед Батмөнх даян хаан Монголын төвийг өмнөд рүү шилжүүлснээр Монголын эзэн гүрний нийслэл алдарт Хархорум хотын сүр хүч бүдэгрэн алсарсан юм. Хархорум хот 160 жил оршин тогтносны 44 жил нь Монголын Эзэнт Гүрний нийслэл байжээ.
ХАРХОРУМ ХОТЫН СУДАЛГАА: 1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев Эрдэнэзуу хийдийн орчим том хотын үлдэц олжээ. Жилийн дараа 1890 онд В.В.Радлов тэр хийдийн хэрэм ханыг судалж байгаад Хархорумтай холбоотой хааны зарлиг бүхий чулуун хавтан зэргийг олсноор алдар цуутай Хархорум хот байсан газрыг тогтоосон юм. Хархорум хотыг мөхсөнөөс хойш анх удаа 1948-1949 онд Монголын ууган археологич Х.Пэрлээ, Зөвлөлтийн эрдэмтэн профессор С.В.Киселев нараар удирдуулсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедиц малтлага хийж олон үнэт олдвор илрүүлсний дотор ахуйн хэрэглээний төмөр эдлэл, шавар шаазан эдлэл олон тоогоор олджээ. Тэр үеийн уран дархчууд хийсэн бүтээл дээрээ өөрийн гарын хээг тавьж, сайн чанартай гэсэн өвөрмөц баталгааг гаргадаг байв. Малтлагын үеэр хотын зүүн хаалганы тэндээс 54, төв орчмоос 129 нийт 230-аад ширхэг зоос олж, тэдгээрийг нягтлан судалснаар Монголын эзэнт гүрэн тухайн үед 10 гаруй улс оронтой худалдаа арилжааны холбоотой байсан нь тогтоогдсон юм. Мөн янз бүрийн барилгын материалууд, дээврийн хэсэг, хөшөө дурсгал зэргийг илрүүлсэн байна.
1976-1986 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн Н.Сэр-Оджаваар ахлуулсан судалгааны баг малтлага явуулж Хархорум хотын ойролцоох газруудаас монгол хүний булш, исламын шашинтны булш, эртний шавар шаазан эдлэлийг шатааж байсан зуухны үлдэгдэл зэргийг олжээ. Мөн чулуу дэвсэж хийсэн гудамжны замын үлдэгдэл гарч ирсэн нь Хархорум хотын төв гудамж нь чулуун замтай байсныг нотолсон. Судалгааны багийнхан 6000 хавтгай дөрвөлжин метр газрыг хамарсан малтлага хийхэд хөрсний хамгийн гүн нь 7 метр байжээ.
1995-1996 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Монгол–Японы эрдэмтэд хамтран Хархорум хотын оршиж байсан дэвсгэр нутгийг тогтоон топографийн нарийвчилсан зураг үйлдсэн.
1999 оноос Монгол, Герман хоёр улсын ерөнхийлөгч нарын хэлэлцээрийн дагуу Монголын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Германы Боннын ИС-ийн Төв Азийн хүрээлэнгийн хамтарсан судалгааны анги Хархорум хотыг судлах шинэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүх олдворыг лабораторийн аргаар нарийвчлан судалжээ.
2005 онд Хархорум эскпедици одоогийн Эрдэнэзуу хийдийн хэрмэн хашааны 6 газарт малтлага явуулсан. Судалгааны үр дүнд хийдийн хэрэмнээс гадагш 1.5 метр зузаан, дотогш 4.2 метр зузаан, нийт 9м өргөн, голыг нь шавраар дэлдэж, модоор бэхэлгээ хийсэн хүчирхэг хэрмийн туурь байгааг илрүүлсэн. Хэрмийн гадна талд боржин чулуугаар суурь хийж нүүрэн талыг хоёр эгнээ хөх тоосгоор өнгөлсөн байжээ.
1253 онд Хархорумд ирж 2 жил орчим сууж байсан Персийн түүхч Ата Мали Жувейнигийн тэмдэглэлд “хааны ордон нь цэцэрлэгт хүрээлэн дотор байсан, тэр цэцэрлэгт хүрээлэн 4 талдаа хаалгатай” гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр “Өгөөдэй хааны анхлан бариулсан Түмэн-Амгалант ордон 4 талдаа хаалгатай цэцэрлэгт хүрээлэн бүхий хэрмэн хашаан дотор байсан юм болов уу” гэдэг дүр зураг бууж байна.
Доктор, профессор У.Эрдэнэбат, хатагтай Кристина Франкен нарын удирдсан Монгол-Германы хамтарсан Хархорум экспедици 2001 – 2003 онд Эрдэнэзуу хийдийн гол сүм болох Гурванзуугийн өмнөх талбайд малтлага хийхэд 4 сүмийн барилга байсан ор мөр илэрснээс гадна Хархорумын өмнөх малтлагуудаас гарч байсан улаан, хөх тоосгонуудыг олсон. Дараа нь 2004-2005 онд Дундзуу сүмийг сэргээн засварлах явцад хананд нь тэрхүү малтлагаас гардаг тоосгонууд байсан нь Эрдэнэзуу хийдийг барьж байгуулахдаа Хархорум хотын үлдэгдэл барилгын материал, тоосгонуудаас ашигласныг нотолсон. Тоосгонууд дээр Монголын их хаадын зоосон дээр дүрслэгддэг онги, холбоо онги, давхар сэрээ, хас зэрэг 20 гаруй төрлийн тэмдэг, дүрс байсан ба XIII зууны үед хийгдсэн болох нь баттай нотлогджээ. Судлаачид “одоогийн Эрдэнэзуу хийдийн ойр орчимд хаа нэгтээ, магадгүй энэ Гурванзуу сүмийн хашаанд Монголын их хаадын ордон байх магадлал өндөр, гагцхүү судлах л ажил үлдлээ” гэж дүгнэсэн юм. Ийнхүү “Хархорум экспедиц” сүүлийн 20-иод жилийн малтлага судалгаагаар Монголын эзэнт гүрний нийслэл алдарт Хархорумын талаархи эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн олон асуудал, эх сурвалжийн мэдээллийг тодотгосон юм.
Цогт-Асар их сүмийн туурь: Монгол-Германы археологичдын хамтарсан экспедици 1999-2009 онд Эрдэнэзуу хийдийн орчимд малтлага явуулж нийт 17000 олдвор олсны 2/3 нь буддын шашинтай холбоотой байсан юм. Мөн судалгааны явцад Эрдэнэзуу хийдийн хэрмэн хашааны зүүн талаас Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотод байсан Цогт их асар сүмийн туурийг илрүүлсэн. Хархорум хотыг эрж хайсан үе үеийн судалгааны явцад,
Тэдгээр хөшөөнүүд чулуун яст мэлхийний нуруун дээр байсан бөгөөд судлаачид хэсэг хэсгээр олдсон хөшөөдийг “нийлүүлэн” уншиж тайлсан юм. 1256 онд Мөнх хааны зарлигаар нэгэн буддын сүм баригдаж, 1311 онд Буянт (1311-1320) хаан Хархорум дахь сүм эвдэрч гэмтсэнийг сонсоод буддын шашин хариуцсан түшмэл Чогсүмд шаардлагатай хөрөнгийг өгч засуулж байсан тухай, дараа нь Тогоонтөмөр (1333-1368) хааны үед сэргээн засварлах ажил 4 жил үргэлжилж, 1346 оны сүүлээр тус сүмийг “Зарлигаар байгуулсан Юань улсын мандал бадралын асар” буюу “Цогт их сүмийн гэр” хэмээх нэр хайрласан тухай бичиж үлдээжээ.
Мөн судалгааны баг сүмийн довжоо суурингийн 4 булангийн газраас XIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн сүншиг бүхий ваарыг илрүүлэн олсон нь Монголын эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт болсон юм. Том вааранд тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утастай торгонд боодолтой “есөн эрдэнэ”-ийг хийж амсрыг нь шавар тагаар таглаж тавьсан байсныг илрүүлсэн. Есөн эрдэнийн дотор Монгол гүрний их хаадын алтан зоос 2 ш, мөнгөн зоос 3 ш, шүр, сувд, оюу зэргийг багтаасан байсан бөгөөд алтан зоосны нэг нь Чингис хааны Самарканд хотноо 1221 онд дэлдүүлсэн зоос, харин мөнгөн зооснууд нь Мөнх хааны үед Хархорумд бүтээлгэсэн зооснууд байжээ. Есөн төрлийн материалаас бүрдсэн эд юмс нь суварга шүтээнийг амилуулан тэтгэх нарийн нандин бэлгэдэлтэй бөгөөд энэхүү байгууламж XIII-XIV зууны бурханы шашны сүм байсныг бүрэн дүүрэн нотолж өгчээ. Эдгээр сүншиг бүхий ваарнууд эдүгээ Хархорин музейд бий.
Цогт-Асар сүм нь 42х42 метр тэг дөрвөлжин талбайтай, хааш хаашаа 8-аар эгнэсэн 64 баганатай, 5 давхар, өндөр нь 90м байсан гэдгийг тогтоосон юм. 2014 онд Монгол Улсын БСШУЯ, ХБНГУ-ын ГХЯ, Герда Хенкель сан, Германы Археологийн хүрээлэнгээс санхүүжүүлж Цогт-Асар сүмийн туурийг хамгаалах зорилгоор гадуур нь хана өрж битүүлсэн. Харин дөрвөн талд нь шилэн цонх хийж, тэдгээр цонхоор сүмийн туурийг харах боломжтой болгосон байдаг. Мөн 4 талд нь гаргасан шатаар дээш гарахад 64 баганын суурь чулуунууд харагдах бөгөөд тэдгээрийг дөрвөлжин цагаан хүрээгээр хүрээлсэн байна.
Цогт-Асар сүмийн туурийн урдхан талд 3-5м голчтой гэрийн буурь шиг дугуй хэлбэрийн байгууламжууд олсон бөгөөд тухайн үеийн шавар шатааж байсан зуух болохыг тогтоосон. Энэ нь Хархорум хотын барилгын материал үйлдвэрлэл нь тус хот дотор явагддаг байсныг нотолдог.
ХАРХОРУМ НЭРНИЙ УЧИР: Монголын Эзэн Гүрний нийслэл Хархорум хотын нэр бол түүхийн бүхий л цаг хугацаанд дурдагдаж ирсэн брэнд нэр юм. Ихэнх эрдэмтэд “хорум” бус “хүрэм” юм хэмээн санал нийлсэн байдаг.
Хүрэм бол бат бэх, наалданги, юм хийхэд маш хэцүү чулуу. Хүрэм буюу хүрмэн чулууны нэрээр нэрлэсэн нь эртний монголчуудын чулууны шүтлэгтэй холбоотой аж. Монгол бөө нар чулуутай яаж харьцах, чулууны эрч хүчний талаар сайн мэддэг байсан. Монголчууд малгайныхаа оройд өнгө өнгийн гоёмсог чулуу шигтгэж тэр чулуугаараа тэнгэрээс энерги авдаг байв. Хад чулуу бүхэн сахих эзэнтэй, хоёр чулуу хавирахад гал гардаг нь чулуу “амьтай” гэдгийг илтгэдэг. “Чулуунд хийморь тогтоно, авч яваа хүнээ хамгаална” гэж үзэж холын аянд, дайнд явж буй цэрэг эрс унасан газар, угаасан усныхаа чулуунаас нандигнан хадгалж авч явдаг. Монгол хүүхдүүд хөлд оронгуутаа чулуугаар тоглож, чулуун гэр барьж эхэлдэг.
Эх сурвалж: Монгол орны лавлах ном, Өдрийн сонины (2014.11.19), Цоодолын Жаргалсайхан Хархорины товчоон