Хадан сэрвэл уулын цогцолбор

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Ховд голын хөндийд орших хүрэл, төмрийн үеийн нэгэн томоохон дурсгалын нэг нь Хадан сэрвэл уулын урд энгэрийн буган чулуун хөшөө бүхий хиргисүүрийн цогцолбор юм. Энэ дурсгал Цэнгэл сумын төвөөс баруун урагшаа 60 гаруй км зайд орших бөгөөд 1989 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хээрийн шинжилгээний анги илрүүлжээ.
 
Хадан сэрвэл уулын өвөр хөндийн буган чулуун хөшөө бүхий хиргисүүрүүд нь алсаас харахад жагссан цэрэг мэт бараан харагдах агаад нийтдээ бүтэн болон хагарч хуваагдсан 20 гаруй буган чулуун хөшөө, дугуй хүрээтэй хиргисүүр хоёр буй.
 
Нэгдүгээр буган чулуун хөшөөтэй хиргисүүр нь 50 орчим метрийн голчтой дугуй чулуун хүрээтэй бөгөөд төв хэсэгт нь 26-27 орчим метр голчтой, 160 см орчим дугуй хэлбэрт дараас чулуутай. Энэ хиргисүүрээс зүүн тийш 17-19 метр зайд хойноос урагш чиглэлтэй хоёр эгнээ, цувраа байдлаар 17-18 орчим буган чулуун хөшөөг эгнүүлэн босгожээ. Хийц хэлбэр жигд биш эдгээр буган чулуун хөшөөн дээр бугыг дүрслэхдээ монгол нутаг дахь бусад буган хөшөөдийн адил хийсвэрлэл хийгээд бодит дүрслэлийн аргыг холимог байдлаар хэрэглэжээ. Буган чулуун хөшөөдийн дөрөв нь бүтэн үлдэж бусад нь он цагийн эрхээр хагарч гэмтэн, зарим нь хугарч ойчжээ. Эдгээр дурсгалууд дээр хээрийн шинжилгээний нарийвчилсан судалгаа бүрэн хийгдээгүй учраас урьдчилсан байдлаар үзэхэд одоогоос 2500 жилээс цааших үед холбогдох юм.