Уушигийн өвөрийн буган хөшөө

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун тийш 16 км зайд орших Уушиг уулын өвөрт булш хиргисүүр хөшөө чулуу олон байдаг бөгөөд нэгэн дор 14 буган хөшөө буй. Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварч байрласан байдаг. Хамгийн хойд талаас эхлэн дугаарлаж үзвэл,
 
Нэгдүгээр буган хөшөө. Улаавтар өнгийн боржин чулуугаар хийж нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, түүнээс доош хөшөөний их биенд таван бугыг загварчлан дүрсэлж доогуур нь өргөн бүс татжээ. Энэ хөшөөний бусад гурван талын сийлбэрүүд элэгдэж эвдрээд мэдэгдэхгүй болжээ. Хөшөө 2.3 м өндөр, 60 см өргөн, 30 см зузаан.

Хоёрдугаар буган хөшөө. Нэгдүгээр буган хөшөөнөөс урагш 5 метр зайд орших агаад орой нь хугарч ар тал нь ихэд эвдэрсэн учир дээрх дүрс нь мэдэгдэхээ больжээ. Хөшөөний их биений нүүрэн талд тав, баруун хажууд дөрөв, зүүн хажууд гурван бугыг загварчлан дүрсэлж зүүн хажууд бугануудын доор нум сийлжээ. Хөшөөг тойруулан бугануудын доогуур бүс татаж, бүсний доор зүүн хажууд нэг буга, баруун хажууд таван талтай бамбай дүрсэлжээ. Хөшөө 4.8 м өндөр, 60 см өргөн, 30 см зузаан.

Гуравдугаар буган хөшөө. Хоёрдугаар буган хөшөөнөөс зүүн урагш 4 метр зайтай орших ба түүний нүүрэн талын өргөн хавтгайд нэлээд уран дүрсэлсэн дөрвөн бугыг хажуугаар нь хөшөөний орой руу хандуулан урлаж тэдний доогуур хөшөөг тойруулан хөрөөний шүд мэт хээтэй өргөн бүс гаргаж, бүснээс ямар нэгэн урт зэвсэг зүүж дүрсэлжээ. Хөшөөний баруун талын нарийн хавтгайд загварчлан дүрсэлсэн нэгэн том бугыг хушуугаар дээш харуулан сийлж доор нь таван талтай бамбай сийлжээ. Хөшөөний ар, зүүн тал эвдэрч дээрх сийлбэр мэдэгдэхээ байсан. Хөшөө хоёр метр өндөр, 60 см өргөн, 50 см зузаан.

Дөрөвдүгээр буган хөшөө. Гуравдугаар буган хөшөөнөөс урд 5 метр зайтай орших бөгөөд дундуураа хугарчээ. Түүний нүүрэн талын өргөн хавтгай дээд хэсэгт нар, сар дүрсэлж, доогуур нь навчирхуу хээтэй бүс гаргаад бүснээс доош гурван бугыг загварчлан дүрсэлж, хушуугаар хөшөөний орой руу харуулан сийлжээ. Энэ хөшөөний зүүн талын хавтгайд загварчлан дүрсэлсэн хоёр бугыг хушуугаар хөшөөний суурь руу хандуулан урласан. Тус хөшөөний ар талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, түүнээс доош загварчлан дүрсэлсэн гурван бугыг хушуугаар нь хөшөөний орой руу хандуулан сийлжээ. Хөшөө 1.7 м өндөр, 1 м өргөн, 25 см зузаан.

Тавдугаар буган хөшөө. Дөрөвдүгээр хөшөөнөөс зүүн урагш 6 метрийн зайд буй. Түүний нүүрэн талын хавтгайн дээд хэсэгт нар, их биенд нь загварчлан дүрсэлсэн гурван бугыг хушуугаар хөшөөний орой руу хандуулан бие биенийх нь араас цувруулан дүрсэлжээ. Хөшөөний зүүн хажууд нэгэн адуу дүрсэлсэн нь мэдэгдэнэ. Хөшөөний нөгөө хоёр тал ихэд элэгдэж эвдэрсэн учир сийлбэр нь мэдэгдэхгүй болсон.

Зургадугаар буган хөшөө. Тавдугаар буган хөшөөний зүүн талд 5 метр зайтай зэргэлдээ орших ба ихэд эвдэрч дээрх сийлбэр бараг мэдэгдэхгүй болсон.
 
Долдугаар буган хөшөө. Зургадугаар буган хөшөөнөөс урагш 8.5 м зайтай оршино. Түүний нүүрэн талын хавтгайд загварчлан дүрсэлсэн гурван бугыг хушуугаар хөшөөний орой руу хандуулан урлаж бугануудын доор нум, сум, толь урлаад доогуур нь хөрөөний шүд мэт хээтэй бүс татаж, бүснээс доош байлдааны зээтүү, бөөрөнхий толгой чичлүүр хутга дүрсэлжээ.

Наймдугаар буган хөшөө. Долдугаар буган хөшөөнөөс урагш 3 метр зайтай орших агаад түүний нүүрэн талын дээд хэсэгт нар, cap, түүнээс доош том жижиг 7 буга, зүүн хажууд нь мөн адил 7 жижиг буга, арын өргөн хавтгайд 8 буга, баруун хавтгайн дээд хэсэгт 3 бугыг загварчлан дүрсэлж тэднээс таван талтай бамбай, бамбайнаас доогуур хөрөөний шүдтэй ижил хээтэй бүс, бүснээс доош загварчлан дүрсэлсэн нэг бугыг хушуугаар хөшөөний орой руу хандуулан урлажээ. Хөшөө 2.6 м өндөр, 60 см өргөн, 20 см зузаан.

Есдүгээр буган хөшөө. Наймдугаар буган хөшөөний чанх урд 3.5 метр зайтай орших ба түүний баруун талын хавтгайн дээд хэсэгт 5 талтай тагнай хээтэй бамбай дүрсэлж түүний доогуур хөшөөг тойруулан бүс татжээ. Хөшөөний нүүрэн талын хавтгайд 4, хажуугийн хавтгайд 3 бугыг урнаар хушууг нь хөшөөний дээд тал руу жишүүдүү хандуулан дүрсэлжээ. Хөшөө 1.5 м өндөр, 50 см өргөн, 45 см зузаан.

Аравдугаар буган хөшөө. Есдүгээр буган хөшөөнөөс баруунтай 4 метрийн зайд орших бөгөөд түүний нүүрэн талын оройн хэсэгт нар, их биенд 7 бугыг загварчлан дүрсэлж, бугануудын доогуур хөшөөг тойруулан тагнай хээтэй бүс татаж бүсний доор нэг бугыг загварчлан дүрслэхдээ хушууг нь хөшөөний орой руу хандуулжээ. Хөшөөний бүснээс дээш зүүн хажууд 4 буга, ард 5 буга, баруун хажууд 5 буга тус бүрийг загварчлан дүрслэхдээ хушуугаар нь хөшөөний дээд тал руу жишүүдүү хандуулсан байна. Хөшөө 2.2 м өндөр, 40 см өргөн, 50 см зузаан.

Арван нэгдүгээр буган хөшөө. Есдүгээр буган хөшөөнөөс чанх урагш 6 метрийн зайтай орших ба нүүрэн талын өргөн хавтгайд 5, баруун хажуугийн нарийн хавтгайд 5 бугыг загварчлан дүрслэхдээ хушуугаар нь хөшөөний орой руу жишүүдүү хандуулжээ. Хөшөөний бусад сийлбэрүүд элэгдэж эвдрээд мэдэгдэхгүй болсон. Хөшөө 3.4 м өндөр, 60 см өргөн, 30 см зузаан.

Арван хоёрдугаар буган хөшөө. Арван нэгдүгээр буган хөшөөнөөс зүүнтэй 20 метрийн зайд орших агаад түүний нүүрэн талын өргөн хавтгайд толь, загварчлан дүрсэлсэн 3 бугыг хушуугаар нь хөшөөний орой руу хандуулан сийлжээ. Хөшөөний доод хэсгээр хөрөөний шүд мэт хээтэй хоёр давхар бүс татсан бөгөөд зүүн хажуугийн хавтгайд бүснээс дээш 5 талтай тагнай хээтэй бамбай дүрсэлжээ. Хөшөөний бусад сийлбэрүүд элэгдэж эвдрээд мэдэгдэхээ больсон. Хөшөө 2 м өндөр, 70 см өргөн, 20 см зузаан.

Арван гуравдугаар буган хөшөө. Арван хоёр дугаар буган хөшөөнөөс урагш 12 метрийн зайтай орших ба түүний нүүрэн талын өргөн хавтгайд хушуугаар нь хөшөөний баруун дээд өнцөг рүү хандуулан 5 бугыг загварчлан дүрслээд доор нь таван талтай тагнай хээтэй бамбай цохиж гаргажээ. Хөшөө 1.8 м өндөр, 70 см өргөн, 30 см зузаан.
 

Арван дөрөвдүгээр буган хөшөө. Арван гуравдугаар буган хөшөөнөөс зүүн урд 6 метрийн зайд хугарч эвдэрсэн хэвтэх ба дээрх дүрсүүд нь мэдэгдэхгүй болсон.