Нэгдүгээр буган хөшөө. Саарал өнгийн чулууг засалгүй, нүүрэн талын өргөн хавтгайд долоон бугыг загварчлан дүрсэлжээ. Дөрөв дэх буганы харалдаа толь, бусад багануудын доор хуйтай чинжаал хутга сийлсэн. Баруун хажуугийн нарийн хавтгайд хушуугаар нь хөшөөний орой руу харуулсан гурван бугыг загварчлан урлажээ. Хөшөөний өндөр 1.8м, өргөн 0.3м, зузаан 0.25м юм.
Хоёрдугаар буган хөшөө. Нэгдүгээр буган хөшөөний урд орших ба саарал өнгийн гантиг чулууг засалгүй хийж нүүрэн талын өргөн хавтгайд долоон бугыг загварчлан дүрсэлсэн нь мэдэгдэж бусад сийлбэр бараг арилсан байдаг. Хөшөө 2.3м өндөр, 1.4м өргөн, 0.2м зузаан.
Гуравдугаар буган хөшөө. Хоёрдугаар буган хөшөөнөөс зүүн урагш 5 метрийн зайд босгосон. Саарал өнгийн чулууны нүүрэн талын хавтгайд толь, мөн гурван буга, зүүн талын хавтгайд хоёр буга, баруун талын хаданд гурван бугыг хушуугаар нь хөшөөний орой руу хандуулан загварчлан дүрсэлжээ. Хөшөө 0.8м өндөр, 0.4м өргөн, 0.4м зузаан.
Дөрөвдүгээр буган хөшөө. Хоёрдугаар буган хөшөөнөөс зүүнтэй 10 метрийн зайд цагаан саарал өнгийн чулууны нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт хоёр цагирагтай нар, түүний доор хушуугаар нь хөшөөний орой руу жишүүдүү хандуулан гурван буга, зүүн урд ирмэгийг дагуулан хушуугаар нь хөшөөний суурь руу хандуулан нэг бугыг загварчлан дүрсэлжээ. Хөшөөний зүүн хажуугийн нарийн хавтгайд хушуугаар нь хөшөөний орой руу хандуулан гурван бугыг мөн урлаад хамгийн доод талын буганы хажууд дугуй толь цохиж гаргажээ. Түүний ар талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, доод хэсэгт толь гаргаж хооронд нь дөрвөн бугыг загварчилсан байдалтай дүрсэлжээ. Энэхүү хөшөөний баруун хажуугийн нарийн хавтгайд загварчлан дүрсэлсэн ганц буга сийлсэн болох нь бас мэдэгдэнэ. Хөшөө 1.3м өндөр, 0.7м өргөн, 0.2м зузаан.
Тавдугаар буган хөшөө. Хоёрдугаар буган хөшөөнөөс зүүн урагш 11 метрийн зайд хөх саарал өнгийн гантиг чулууг засалгүй хийсэн бөгөөд хөшөө хажуу тийшээ хазайж газарт шигдсэн. Нүүрэн талынх нь хавтгайд загварчлан дүрсэлсэн нэг бугыг хушуугаар хөшөөний орой руу хандуулан дүрсэлж түүнээс доош бөөрөнхий тольтой 40см урт хутган жад цохиж гаргаад баруун хажуугийн хавтгайд гурван буга, зүүн хажуугийн хавтгайд нэг буга дүрсэлжээ. Хөшөө 1.7м өндөр, 0.35м өргөн, 0.25м зузаан.