Асган дэвсэгийн буган хөшөө

Булган аймгийн Сайхан сумын төвийн урд, Хүрэмтийн голын урд дэвсэгт энэ дурсгал оршино. Уг дэвсэгийг нутгийнхан Асган дэвсэг гэж нэрлэдэг бөгөөд энд босоо, хэвтээ хоёр буган хөшөө бий. Босоо хүрмэн чулуун хөшөө (өндөр нь 131см өргөн нь 56см, зузаан нь дундуураа 28см)-ний наран буюу нүүрэн талын зүүн доохно дөрвөн морины (өндөр нь 11см)  дүрс, хөшөөний мөн тал болон ар талд нь нэг нэг чинжаал хутга сийлж, харин буга дүрслээгүй байсан.
 
Харин газарт шигдэн хэвтэх нарийхан боржин чулуун хөшөө (урт нь 180см, өргөн нь 29см)-ний дээш харсан тал дээр таван бугыг сонгодог загварчилсан дүрслэлээр дээш өлийлгөн сийлсэн нь өгөршиж элэгдсэн хэдий ч тод ажиглагдана. Хийсэн чулуулаг, дүрслэлийн хувьд ялгаатай, өөрөөр хэлбэл нэг нь хүрмэн, нөгөө нь боржин, нэг нь "адуун", нөгөө нь буган чулуу боловч эдгээр хөшөөд үндсэндээ адил цаг үеийн буюу хүрлийн үеийн хөшөөний хоёр хувилбар болох нь тодорхой. Харин орчин тойрон нь хүрмэн чулуутай, гол ус нь хүртэл Хүрэмтийн гол гэгддэг. Эл нутгийн хүрмэн чулуун хөшөөний дэргэд боржин чулуун хөшөө зэрэгцэж байдаг нь сонирхолтой бөгөөд магадгүй уг дурсгал өөр газраас зөөгдөж ирсэн ч байж болох юм.