Цагаан голын хадны зураг

Говь-Алтай аймгийн Наран сумын нутаг Цагаан голын зүүн эрэгт олон зуугаар тоологдох хадны зураг бий. Эдгээрийг археологич Ц.Доржсүрэн анх нээн олж судлан, дараа нь Зөвлөлтийн судлаач В.В.Волков, Э.А.Новгородова нар нягтлан судалжээ.

Цагаан гол нь нарийн хавцлаар урсах уулын гол бөгөөд хавцлын нь ханан хаднууд цохиж сийлбэрлэсэн зураг ихтэйгээс гадна хажуугийн уулын бэлийн толигор хаднаа хэд хэдэн эгнээ могойн зургийн дүрслэл бий. Могойн зургийн баруун талд нэгэн том морины дүрс байдаг. Иймэрхүү морьдыг хажуугийн хананд нь ч үзэж болох бөгөөд гурвыг нь бие биетэй нь холбоотой дүрсэлсэн байна. Эл зурагтай хаднаас баруун хойно газар хэвтэх нэгэн чулуунд зурсан могойн зураг ихэд илэгдэж бараг мэдэгдэхгүй болжээ.

 

Хадан хошууны баруун талд янз бүрийн үед холбогдох олон зураг зурагдсаны дотроос нэлээд эрт үеийнх нь гэдсээ татсан байдалтайгаар дүрслэгдсэн морины зураг юм. Энд бас нум сумтай хүнийг санагдуулам тамга, урт бүс, жадтай хүн, буга, янгир, урт биетэй морь, толгойгоороо холбогдсон ямар нэг хоёр том амьтан, далавчаа дэлгэсэн шувуу, сүүлээ унжуулсан том үүдтэй амьтан зэргээс гадна олон тооны чухам юуг дүрсэлсэн нь мэдэгдэхгүй зураг, зураасууд нэн элбэг аж.

 

Цагаан голын хадны зургуудаас олон тооны тамга, нум сум харваж байгаа хүн, урт сүүлтэй морь, эвэртэй юм шиг толгойн гоёлтой хүн, сүүлээ өргөсөн, асар том дугуйрсан эвэртэй амьтны зургууд их сонирхолтой. Бас жад барьсан хоёр хүн, түүний орчин дахь дүрслэлүүд анхаарал татдаг. Жад барьсан хоёр хүнийг том малгайтай, дээл хувцастай, бүстэй, гуталтайгаар зурсан байна. Хадны доод талд хоорондоо холбоотой таван морийг ямар нэгэн зүйл татаж байгаа байдалтай түүний зүүнтэй олон морьд, амьтдыг ямар нэгэн холбоосоор холбосон зураг байх агаад энд бас эртний тэрэгний зураг ч ажиглагддаг. Тэрэгнүүдийг харин морь мал хөллөөгүй дангаар нь дүрсэлжээ. Тэрэгний тэвш нь хагас дугуй хэлбэртэй, хоёр дугуйны хигээснүүд нь харилцан адилгүй тоотой байна. Эдгээр зургийг судлаачид Дундад Ази, Кавказ, Скандинавын хойгоос олддог тэрэгний зурагтай адилтгаж үздэг.