Халзан булагийн хадны зураг

Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Халзан булагийн нэгэн хадны босоо гадарга дээр янгир намнаж байгаа байдлыг харуулсан зураг бий. Янгируудын эврийг бодит байдлаар зурсан. Нум сум агссан дөрвөн анчин хүнийг дүрслэхдээ хоёрыг нь ан амьтад руу нумаа татаж, сумаа тавих гэж буй байдалтай, нөгөө хоёрыг нь амьтдын явах замыг хаан бие биенээсээ хол зайтай зогсож байгаагаар дүрсэлжээ. Тэдний нэг нь урт саваа мод мэтийг, нөгөө нь баруун гартаа тугтай төстэй зүйл барьсан ба бас нум сумаар зэвсэглэжээ. Янгир болон бугануудыг хөдөлгөөнтэй дүрслэхийг хичээсэн байдаг.
 
Энэ бүлэг зурагнаас холгүй, гүйж буй гурван буга, хоёр янгир болон хүн зурсан байна. Нэг бугыг нуруугаа дагасан олон салаа данхар эвэртэйгээр дүрсэлжээ.

Халзан булагийн хадны зурагт гүйж яваа, зогсож байгаа янгирийн ишгийг дүрслэхдээ нэг ишигний хойд хөлийг зуралгүй орхиж, толгойн тушаа давхар гогцоо хонхойлгон сийлжээ. Хүнийг дүрслэхдээ гар хөлийг нь алдалсан байдалтайгаар зурсан байдаг. Мөн эдгээрийн ойролцоо тамга гэж ойлгогдохоор тэмдгүүдийг дүрсэлжээ. Халзан булагийн хадны зураг нь он цагийн хувьд НТӨ IX-Х, НТ-ын I зууны үед хамаарна гэж судлаачид үзжээ.