Хад үзүүрийн хадны зураг

Увс аймгийн Сагил сумын нутагт (сумын төвөөс зүүн хойш 18 км) тулгын гурван чулуу мэт байрласан хар бараан өнгийн хадтай гурван уул байдгийг Баруун, Зүүн, Дунд Турга гэдэг. Дунд Тургын баруун талын дэрс, бударганатай хоолойг Марц гэх ба Марцын зүүн талд Монгол, Оросын хилийн заагаас 5 км орчим зайтай хойноос урагш сунаж тогтсон хадтай жижиг хар толгойг Хад үзүүр гэнэ. Хад үзүүрийн чанх урд, баруун урд талын хаданд янгир, буга, үхэр, адуу, чоно, хүн зэргийн зуу гаруй дүрсийг хонхойлгон цохиж сийлсэн бөгөөд эдгээр нь дүрслэлийн арга барилаар төдийгүй он цагийн хувьд өөр өөр үед холбогдоно. Энд эртний зурган дээр хожуу үед зураг давхарлуулан сийлсэн тохиолдол ч байна.
 
Хад үзүүрийн чанх урд талын том толигор хадыг нийтэд нь хонхойлгон цохиж дүрсэлсэн амьтнаар дүүргэжээ. Тэдний дотор хадны хамгийн толигор хэсгийг эзлүүлэн нэгэн том үхрийн ерөнхий тэгийг хонхойлгон цохиж бодит байдлаар дүрсэлсэн ба сүүл, босоо эвэр, хоёр салаа омруу (хөөлүүр), эр хүйсийг цохон үзүүлсний гадна хэвлий доор нь зууван дугуй хонхор цохиж гаргасан байна. Үхрийн дээд талд зүүн тийш явж буй таван үхрийг нэг эгнээ, тэдгээрийн дээгүүр баруун тийш явж буй хоёр үхрийг нэг эгнээ бүх талбайгаар нь хонхойлгон цохиж дүрсэлжээ. Эл зургийн зүүн дээд талд зүүн тийш харсан нэг том үхрийн өөдөөс харсан хоёр үхрийг дүрсэлсэн байна. Эдгээр үхрийн омруу, эвэр зэргийг үзүүлсний гадна заримыг нь нуруундаа ачаатай юм шиг бөхтэй дүрсэлсэн нь онц сонирхолтой. Зургийн баруун дээд талд хоншоороо чанх дээш өргөн хүзүүгээ нугалсан олон салаа эвэртэй бугыг хэвтэж байгаагаар ихэд чадмаг урласан байна. Түүний дээрээс янгир, бугын жижиг дүрсийг хожим давхарлуулан хонхойлгон дүрсэлжээ.
 
Хад үзүүрийн баруун талын ганц том хадны урд талын хавтгайд нэг том бугын дүрсийг бүх талбайгаар нь хонхойлгон цохиж нэлээд бодитой урлахдаа түүний хэвлий доор зууван хонхор цохиж гаргажээ.
 
Дурдсан үхэр, бугын хоёр том зураг бусдаас хэмжээгээр том төдийгүй тэдгээрийн зарим дээр нь хожуу (хүрэл зэвсгийн) үед буга, янгирын зургийг давхардуулан сийлсэн, байршлын хувьд хадны хамгийн тохиромжтой зайг сонгон авсан зэрэг нь эдгээр зургийг сийлэхээс өмнө энэ хаданд өөр зураг сийлээгүй байсныг харуулахын зэрэгцээ бусад зургаас илүү эрт үед сийлсэн гэж үзэх боломжтой. Мөн буга, үхрийн хэвлий доор зориуд зууван хонхор гаргаж дүрслэх нь палеолитын үеийн хадны зургийн тогтвортой нэг шинж юм.