Суман голын хадны зураг

Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан сумын нутаг Чулуут гол болон түүний цутгал Суман голын хүрмэн бул, үхэр чулуут оруулга, ангалнуудад эртний хүмүүсийн сийлж цоолборлон үлдээсэн сүг зураг элбэг тохиолддог.

Тэдгээрийн заримаас тодруулбал: Хуучин Мөрөн сумын баруухнаар Элстийн булангийн оруулга орчим дахь хад чулуунд сийлсэн буга, аргаль, янгир, чоно, нохой, адуу мал, хүний дүрсийн дотор бугыг буган хөшөөн дэх дээрээ дугуй /нар/ тэмдэг бүхий сонгодог, загварчилсан дүрслэлээр урлажээ. Энэ мэт зураг дүрслэл Суман голын Хамарын булан зэрэг газрын хад чулуунд ч бас ажиглагдах бөгөөд голын захын нэгэн хаданд тойрон бүжиглэж буй маягийн олон хүнийг дүрсэлжээ. Бас нэгэн хаданд адуутай хамт тэрэгний тойм дүрс сийлжээ. Бас хэвтээ согоон дээр харайж буй бугын зураг бүхий хад ч байна.

Хамарын булангийн нэгэн хаданд ан амьтнаас гадна дээд тэнгэрт хандсан байдалтайгаар хоёр гараа дээш өргөсөн, сарвайсан босоо болон сөхөрч суусан хүний дүрслэлүүдийг үзэж болно. Судлаачид Суман голын эдгээр хадны зургийг дүрслэл, зохиомж, арга барилаас нь үүдүүлж хүрэл зэвсгийн нэлээд түрүү үеэс холбогдуулж авч үздэг байна.