Эндэх хамгийн сонирхолтой зураг гэвэл эртний монгол гэрийг харуулсан зураг юм. Гадаад байдал, хэлбэр, хэв загварын хувьд одоогийн монгол гэртэй маш төстэй яндан зэргийг гаргасан төдийгүй ганцхан бүслүүрийг л дүрсэлсэнгүй. Хана руу нь дөрвөн бүч унжуулжээ. Гэрийн ойролцоо урд нь нэгэн урт хоншоортой амьтныг ахар бус оосроор оосорлон гэртэй холбосон байдалтайгаар дүрсэлжээ.
Хоёр дахь зурагт мөн л дээрхтэй бараг адил гэр дүрсэлсэн агаад харин гэрээс хоёр гурван зураас татаж холбосон замбараагүй олон дүрсийг гаргасан байна. Энэ нь малын холбоос юм уу, эсвэл хашаа саравчийг ч харуулсан байж болох талтай.
Өлзийтийн хадны зураг нь он цагийн хувьд ан амьтад, морьд, хүний зураг нь төмөр зэвсгийн түрүү үед, харин гэрийн зураг нь нэлээд хожуу үед холбогдох нь тодорхой.