Эдгээр зургаас урагш нэлээд зайтай, замын нөгөө талд хүний мөр мэт дүрсний харалдаа адууны, хүний мөр тус бүрийг сийлсэн хад байна. Түүнээс зүүнтээ таван метр хэрийн зай дахь нэгэн хаданд олон жижиг хонхор, зам, адууны дөрвөн мөр, гурван дугуй хонхор, цуварч яваа дөрвөн адуу, шовх эвэртэй ямаа юм уу гөрөөсөрхүү амьтан, хүний мөртэй төстэй хоёр дүрс зэргийг зуржээ.
Модтой толгойн хойд үзүүрийн зүүн тийш харсан ханан хаданд найман хэсэг газар бие биеийнхээ араас цуварч зогссон толгойгүй дөрвөн адуу, хоёр гараа дэлгээд хөлөө алцайн зогсож буй хүн, энэ хүний зүүн талд урагшаа хараад зогсож байгаа том босоо чихтэй, урт сүүлтэй үнэгтэй төстэй амьтан, янгир, адууны хоёр туурай, тууш зураас, адууны туурай дэгрээ сэнжтэй тамга зэргийг дүрсэлжээ. Модтой толгойн эдгээр зураг нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн сүүл үед хамаарна.