Их Сарын хадны зураг

Увс аймгийн Сагил сумын нутаг Үүрэг нуурт баруунтайгаас цутгадаг Цагаан голын цутгалын урд орших хоёр жижиг толгойн урд талынх нь Бага Сap, хойд талынх нь Их Сaр гэнэ. Их Сарын хойд талын баруун тийш харсан нэгэн том толигор хаданд эртний нум сум онилсон хүн, хэдэн амьтдын зургийг цоолборложээ.
 
Хадны баруун дээд хэсэгт матмал, махир мөртэй нуманд навчин хэлбэрийн сум онилсон, нэг хөлөө гишгэж нөгөө хөлөө ергөн гүйж яваа хүнийг дүрсэлжээ. Энэ хүн одоогийн жанжин малгай маягийн шовх оройтой, дөрвөн талтай, хоёр тийш унжсан чих бүчтэй, духаа дагасан хүрээтэй харагдах малгай, ээтгэр шовх хошуутай гутал өмсөж өргөн бүс бүсэлсэн байх нь эрт үеэс уламжлагдаж ирсэн монгол малгай гуталтай төстэй бөгөөд нумын хэлбэр хийц ч гэсэн XIII зууны үед хэрэглэгдэж байсан монгол нумтай ижил. Энэхүү нум сум онилсон хүнийг нарийн зураасаар зурсан нь дүрсэлсэн аргаараа өвөрмөц байна. Хүний зурагны хажууд болон зүүн хийгээд чанх доор нь нийт 10 гаруй амьтад, тэмдэг зураасыг бүх талбайгаар нь хонхойлгон өргөн зураасаар цоолборлосны дунд лавтай таван янгир, чоно болон буга согоо байж болохоор дүрсүүд ажиглагддаг.

Хаданд дүрсэлсэн шовх оройтой малгайтай хүний дүрс, хүчит нум саадаг зэрэг нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байдаг Морин толгойн нумчны зурагтай ихэд төстэй ажээ. Морин толгой болон Их Сарын хаданд дүрсэлсэн хүчит нум нь хэлбэр хийцийн хувьд дундад зууны үед монголчуудын хэрэглэж байсан хүчит нумтай ижил агаад Их Сарын хаданд дүрсэлсэн жанжин малгай, ээтэн хоншоортой монгол гутал зэргээр дээрх хоёр зургийг судлаачид дундад зууны үед холбогдуулан авч үздэг.