Зураагийн улаан хадны зураг

Увс аймгийн Зүүнхангай сумын төвөөс хойш 14 км зайд орших Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадыг Зураагийн улаан хад гэж нэрлэх бөгөөд эндэх таван улаан хадны дунд талын хоёр хаданд эртний хүмүүсийн улаан зосоор зурсан зургууд хадгалагдан иржээ. Ус бэлчээр сайтай, ар өвөргүй битүү модтой үзэсгэлэн төгөлдөр, нөмөр нөөлөг газар тул нутгийнхан энд өвөлжих нь элбэг байдаг.
 
Зураагийн улаан хадны зургийг баруунаас нь эхэлж дугаарлан тодруулбал: Нэгдүгээр зургийн баруун захад зөв солбисон дэгрээ тэмдэг, түүний зүүн талд учир нь төдийлөн ойлгогдохгүй томоохон зураг зуржээ. Зургийн зүүнтээ нисэж яваа шувуу мэт дүрс, доор нь буруу солбисон дэгрээ тэмдэг, зүүн доор нь гурван цэг цувуулж тавиад хавирган сар мэт болон бас нэг тал дүрс зэргийг зуржээ.
 
Хоёрдугаар зургийн баруун дээд буланд дундаа нэг цэгтэй гурвалжин дүрсийг “Х” үсэг мэт дүрстэй давхцуулан зуржээ. Харалдаа зүүнтээ нь ланз үсэг мэт тэмдэг, “Х” үсэг мэт тэмдэг, өнцөг, олон тооны цэг зураас зэргийг зуржээ. Энэхүү зургийн баруун доод өнцөгт гох мэт дүрс гурван богино зураас түүний зүүн талд янгирын толгойтой, урт иштэй нэгэн эдлэл, хэд хэдэн цэг дүрсэлжээ. Зүүн доод өнцөгт нь дугуй цагираг, босоо зураас, хоёр хөлөө ихэд алцайж зогссон хүн зэргийг зурсан байв.
 
Гуравдугаар зургийн баруун дээд буланд дээшээ харсан ац, хоёр гараа унжуулан зогссон хүн, зүүн дээд буланд цээж их биесийг нь гурвалжин дүрсээр гаргасан хоёр хүнийг зэрэгцээд зогсож байгаагаар, тэдний ойролцоо хоёр гараа дэлгэж нэг гартаа юм барьсан, салаа оройтой малгай өмсөөд бүжиж дэвж буй мэт хоёр хүн байна. Эдгээр зурагнаас доор хамгийн баруун захад дээшээ харсан ац, хажууд нь олон ацтай хормой бүхий хувцастай хүн, зүүн талд нь дээшээ харсан ац, босоо зураас, “Х” үсэг шиг тэмдэг зуржээ. Зургийн төв дунд хоёр салаа оройтой малгай өмсөж хоёр гараа дэлгэн нэг гартаа ямар нэгэн юм бариад зогсож буй хүнийг,  түүний зүүнтээ зогсож буй цээжийг нь гурвалжин дүрсээр гаргасан урт хормойтой хувцас өмссөн хүнтэй бүсэлхий орчмоор нь холбон дүрсэлсэн байна. Тэдний зүүн талд “Х” үсэг мэт хоёр тэмдгийн зүйл, хоёр гараа дэлгээд нэг гартаа юм барьж хөлөө өвдгөөрөө нугалан дутуу явган суусан хүнийг зурсан байна. Дээр дурдсан хоорондоо холбоотой зурагдсан хоёр хүний харалдаа доор нэгэн дүрс, мөн хоёр салаа оройтой малгай өмсөөд хөлөө жийж суугаа хүн, амьтны дэлгэсэн арьс мэт зүйл, “И” үсгэрхүү дүрс мэтийг зурсан аж.
 
Дөрөвдүгээр зурагт гох мэт дүрс, дээшээ харсан ац, босоо зураас, өнцөг, мөн өөр нэгэн зураас байна.
 
Тавдугаар зургийн зүүн дээд буланд “Х” үсэг шиг дүрс, босоо зураас, баруун доод буланд “4”-ийн тоо шиг дүрс, бас нэгэн зураас зэрэг зурагджээ. Эдгээр зураг шинэ чулуун зэвсгийн үед холбогдоно.