Жаргалант уулын хадны зураг

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Жаргалант уулнаа хаданд цоолборлосон нэлээд зурагтай байсны бараг нь барилгын чулуу бэлтгэлд өртөн алга болжээ.

Тэндэх хадны зургийг төлөөлөх авдрын дайны нэгэн ургаа хадан дээрх зургийг Г.Гонгоржав, Г.Энхбат нар 1997 онд гэрэл зургийн хальсанд буулган авчээ. Хадны энэ зурагт олон салаа эвэртэй, урт нарийхан хоншоортой, шовх өндөр сэрвээтэй бугын дүрсийг ялимгүй загварчлах хандлагатай дүрсэлжээ. Эврийн салааг хээ угалз мэт жигд хэмтэй зурсан байна. Бугыг дүрсэлсэн ерөнхий маягаар уг зургийг хүрэл зэвсгийн үед хамааруулан үзсэн байна.