Төв аймгийн Өндөрширээт сумын (Улаанбаатар хотоос баруун өмнө зүг 140 км-т) нутагт Дөрвөлжин хэмээх уул бий. Энэ уулын хаднаа эртний хадны зураг олонтой агаад анх 1925 онд Зөвлөлтийн судлаач Г.И.Боровкагийн удирдсан шинжилгээний анги олж, дараа нь 1960 онд археологич А.П.Окладников, Д.Дорж нар дахин нягтлан судалжээ.
Энд хамгийн ихээр дүрслэгдсэн амьтан нь янгир юм. Үүнээс гадна гараа алдалсан, унжуулсан, тохойгоо нугалсан хүний тойм дүрсүүд, таварч буй хоёр бөхтэй тэмээ, нохой, согоо, зүүн тийш харсан тэмээ, хоёр цагираг, дээр доор байрлалтай хоёр хүний дүрс, долгиолсон зураас, гахай, аргаль, тамга тэмдэг, сүрэг адуу, буга зэрэг манай орны хадны зургийн нийтлэг сэдэв болсон зурагнууд байна. Хүнийг дүрсэлсэн зураг харьцангуй олон байгаа нь судлаачдын анхаарлыг татдаг.
Зарим хүний толгойг цагираг маягаар дунд нь хадных нь өнгийг үлдээн дүрсэлжээ. Гар хөлийг нь тоймлож, заримынх нь гарыг унжуулж, заримыг нь ташаагаа тулсан, гараа алдалсан, тохойгоор нугалсан байдалтай үзүүлжээ. Мөн зарим хүний эр хүйсийг онцлон гаргасан байна. Зарим бугыг буган хөшөөн дээрхийн адил урт хоншоор хушуутайгаар үзүүлсэн нь харагдана. Он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед хамаарна.