Барилгын урдуур 40 метр урт давхар чулуун хэрэм байжээ. Эдгээрээс гадна бас нэгэн том барилга байсныг нутгийн ардууд буулгаж малын хашаа барьжээ. Энэ чулуун цайзад хэрэглэсэн чулууны ижил нь өмнө зүгт 200 гаруй километр алсад байгаа бөгөөд тэндээс тэмээн хөсгөөр тээж ирсэн гэж таамагладаг. Нуурын шавар нь маш сайн барьцалдуулах чанартай учир шаврыг тэндээс авчээ. Нуурын усыг 3 горхи сэлбэж байсан бөгөөд сүүлийн олон жилийн дараалсан гангаас болж ганц нь л үлдэж усны түвшин ихэд доошлон жил ирэх тутам ширгэсээр байгаа билээ. Ангир, галуу, хун, нугас зэрэг усны шувууд зусдаг байжээ. Нуурын урд талд Үүдэн булгийн рашаан ундардаг. Энд Ноён хутагт Д.Данзанравжаа “Саран хөхөө” жүжгээ тоглуулж байжээ. Энэ чулуун цайзын туурийг 1998 оноос улсын тусгай хамгаалалтанд авчээ.