Гачууртын амны хадны зураг

Улаанбаатар хотын дүүрэг (хотын төвөөс зүүн тийш 25 км орчим зайтай) Гачууртын аманд Гачууртын голын баруун талын зүүн тийш харсан хадан хясаанаа хадны улаан зосон зургийг 1960 онд А.П.Окладников илрүүлэн олж нийтэлжээ.
 
Зураг 1. Хясааны хамгийн баруун захад орших толигор хаданд дотроо хэдэн толботой дугуй хүрээ, дээрээс доош, баруунаас зүүн тийш тоонолжсон хоёр зураасаар дөрөв хуваасан жижиг дугуй хүрээ, дотроо хэдэн толботой дөрвөлжин хашлагыг эгнүүлэн дүрслээд доор нь нохой хөтөлсөн хоёр хүн зуржээ. Түүний зүүн доор нэлээд зайтай гурван хүн, гурван толбо дүрсэлсэн байна.
 
Зураг 2. Хамгийн дээд талд зурагтай хадны төв хэсгийн том хавтгай хаднаа зэрэгцээ хоёр замаар нэг нэг адуу хөтөлсөн хоёр хүн, урд хүний нь дэргэд гурван толбо дүрсэлсэн байна. замын доод талд мөн хоёр адуу гурван хүн, нисч яваа хоёр бүргэд дүрсэлжээ.
 
Зураг 3. Төв хэсгийн доод талын  том хавтгай хадны дээд талд нисч яваа бүргэд, ганц хүн, түүний доор дотроо эгнэсэн олон толботой гурван дөрвөлжин хашлага дүрсэлсний хоёрынх нь дотор тус бүр дөрөв дөрөв хүнийг гар гараасаа хөтөлцөн зогсож буйгаар урлажээ. Гурван хашлагын дунд хөтөлцөн зогссон таван хүн, хашлагуудын зүүн талд хөтөлцөн зогссон дөрвөн хүн, тэдний доор мөн хөтөлцөн зогссон гурван хүнийг зураглажээ.
 
Зураг 4. Дээр өгүүлсэн хадны зургуудын зүүн талын хадны дөрвөлжин хашлага дотор хоёр, гурваараа хөтөлцөн зогссон таван хүн, нэг адуу, хажууд нь хоёр, доор нь нэг хүн хэдэн дугуй толбо зэргийг зуржээ.
 
Зураг 5. Хясааны хамгийн зүүн захын хаднаа өрөөсөн гараа дээш өргөсөн хоёр хүний өөдөөс харсан хоёр адуу болон сууж байгаа хийгээд нисч буй шувуу, тэдний доор долгиолсон зураасны дээгүүр татсан нарийн зураасан дээр хөтөлцөж зогссон хоёр хүн, тэднээс доош нэг хүнийг дүрсэлжээ. Гачууртын амнаа хадны зургин түүнтэй төстэй бусад зосон зургуудаас ялгарах онцлог нь адуу, шувууны дүрс олон буйн зэрэгцээ хүмүүс гараа өргөн эсхүл алдалж адууг хоргоосон буюу хөтөлсөн байдалтай дүрсэлсэнд оршино. Мөн нохой хөтөлсөн хүний зураг улаан зосон зурагт тохиолдож байгаагүй билээ. Бүхэлд нь ихэд тоймлон дүрсэлсэн эдгээр зургийг он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед холбогдоно гэж судлаачид үздэг.