Бударын чулууны хадны зураг

 
Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс баруун урагш 70км зайд Бударын чулуу хэмээх хад цохио бүхий өвөрмөц тогтоц бүхий газарт оршдог. Цохионы дунд хэрд 8.7 метр урт хадан хананд хоёр хэсэг газарт хонхойлгон цохисон адуу мал, ан амьтад, хүний дүрс бий. 1996 онд Монгол – Солонгосын хамтарсан “Дорнод Монгол” судалгааны анги илрүүлэн судалж НТӨ II-I мянган жилд хамааруулан үзсэн. Бударын чулууны дурсгал нь Монгол орны хадны зургийн тархалтыг дорнод хязгаар хүртэл тэлснийг харуулдаг бөгөөд сэдэв, агуулга, урласан арга барилын хувьд өөрийн өвөрмөц онцлогтойг илэрхийлдэг.
 
Тухайн нутаг орны хүн, ан амьтад, байгалийн харилцаа холбоог харж болох бөгөөд нэг талбайд буй зургууд нь эмх замбараагүй цуглуулга биш өгүүлэмж сайтай, өөрөөр хэлбэл тухайн үеийн овгийн гишүүдийн өөр хоорондын харилцаа, өдөр тутмын амьдралын үйл явдлыг дүрслэн үзүүлсэн нь онцлог болно. Урласан байдлыг үзэхэд хүн, амьтдыг харьцангуй бодит байдалд ойртуулж, хүнийг хоёр талбайн гол дунд тод том дүрсэлсэн нь хүрэл зэвсгийн үеийн хадны зургийн нэг онцлох сэдэв болно. Морь хөтөлсөн хүн, морь унасан хүнийг урласан байдаг нь адуу малыг эрхэмлэж ирсэн нүүдэлчдийн аж амьдралын хэв маягийг илэрхийлэхээс гадна Дорнод Монголд малтан судалсан хүрлийн үеийн булшнуудаас адууны яс хамгийн их олддог онцлогийг бататгаж эртнээс нааш тал нутгийн овог аймаг морь унааг эрхэмлэн хүндэтгэж байсныг гэрчилнэ.
 
Эхний зургийн дунд талын шат маягийн хөндлөвчтэй босоо зураас нь ховор тохиолдох сонирхолтой өгүүлэмж юм. Их тэнгэр, Гачууртын амны хүрлийн үеийн зосон зурагт хүн морины доогуур хоёр болон дөрвөн зураас татаж зам дүрсэлсэн байдаг. Хөвсгөлийн Баянзүрх, Булганы Бугат сумын Бичигт хадны улаан зосон зурагт Бударын чулууныхтай адил босоо хоёр зураас татаад доод үзүүрийг нь битүүлэн тэгшилсэн зураг бий. Иймэрхүү өгүүлэмж бүхий зосон зургуудыг судлаачид НТӨ II-I зуунд хамруулан үздэг.
 
Мөн хүний дүрс хамгийн олон тоотой дүрслэгдсэн бөгөөд цөм ямар нэгэн үйл хөдлөлийг илэрхийлсэн байдаг. Морь, нохой хөтөлсөн, хоорондоо хөтлөлцсөн, хоорондоо хөөцөлдсөн, ноцолдож байгаа, давхарлан хэвтсэн хүн мэт зургуудыг тоймлон зурах уламжлалт арга барилаар зуржээ. Чулуун зэвсгийн үеийн эртний зосон зургуудад хүний дүрс байхгүй байдаг. Энд нохой хөтөлсөн хүний дүрс байгаа нь хүн төрөлхтөн зэрлэг амьтдаас анх түрүүн нохойг гаршуулан тэжээж, өөрсдийн үнэнч туслагч, хань бараа болгосныг харуулах бөгөөд хүрэл зэвсгийн үеийн хадны сийлмэл зурагт нохойг голдуу ан ав хийж байгаа утгаар хүнтэй хамт дүрсэлдэг билээ.
 
Бударын чулууны хадны зургийн өөр нэг гол сэдэв нь зэрлэг амьтдыг зураг юм. Дүрсэлсэн ан амьтад нь зөвхөн тухайн газар нутагт хамгийн элбэг байдаг зээр, гөрөөс, чоно, янгир зэрэг болно. Янгирыг Ховдын Баатар хайрхан, Өвөрхангайн Тэвш уул, Дорноговийн Дэл уул, Өмнөговийн Аравжихын хадны зургуудынхтай ихэд төстэй, сүүлийг нь уртаар моодойлгож хөлийг нь давхарлалгүй дөрвөн хөл дээрээ зогсоо байдлаар урласан байдаг.
 
Бударын чулууны зурагт зээр, чоно зэргийг ихэд цэвэрхэн, тод дүрсэлсэн байх бөгөөд адуу мал, хүн рүү хандан зогтусан зогссон байдалтай, эсвэл үргэн зайлж байгаагаар харуулжээ. Мөн могойн зураг байх бөгөөд эртний хүмүүс могойг сайн, муу үйлийн аль алинд нь авч үздэг. Ази, Америк тивийн зарим ард түмнүүдийн үлгэр домогт могойг гай тарих, муу үйлийн тэмдэг болгодог байхад зарим улс оронд газар усны онгон шүтээн гэж үзэх нь ч байдаг. Шашны есөн онгодын нэгэнд могой ордог зэргээс үзвэл энэ нь бөөгийн эртний уламжлалтай холбоотой байх магадлалтай.