Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс 19 км зайд орших хүрмэн чулуут намхан толгодыг нийтэд нь Аравжих хэмээн нэрлэнэ. Эдгээр толгодын хадан хананд эрт цагт амьдарч байсан хүмүүс олон тооны хадны зургийг зурж үлдээжээ.
Аравжих уулын эхний толгойн хаданд ан агнаж буй байдал, нум суман зэвсэгтэй, морьтой, морьгүй хүмүүс мэтийг дүрсэлсэн нийт 22 зураг бий. Хүн амьтдыг дүрслэхдээ тэдгээрийн эр, эм хүйсийг ихэд тодорхой гаргахыг зорьсон нь мэдэгдэнэ. Хоёр дахь толгойн хаднаа мөн адил ан агнаж буй байдал, морь тэмээ унасан хүмүүс, янгир, аргаль зэргийг дүрсэлжээ. Энд хүн болон тэмээ, чоно, аргаль, янгир, зээр, үнэг зэрэг амьтдыг дүрсэлснээс гадна хүний дүрс их хэмжээгээр зурагдсан байдаг. Тухайлбал, хэсэг янгирын дунд байгаа хүн, нум сумтай олон хүн, тэмээ унасан хийгээд бүжиглэж байгаа хүн, ар араасаа цуварсан агаад эхний хүний мөрөн дээр дараагийн хүн нь гараа тавьсан зэрэг сонирхолтой зургуудыг үзэж болно. Гол төлөв эрэгтэй хүнийг дүрсэлсэн нь зургийн сэдэв, дүрслэлийн арга барилаас харагдана.
Аравжих уулын дөрөв дэх толгойн хаданд янгир агнаж байгаа байдлыг дүрслэхдээ хоёр эр, нэг эм янгирыг ар араасаа явж байгаагаар, эм янгирын хажууд янгирын ишгийг дүрсэлж, нум сумаар зэвсэглэсэн дөрвөн хүн энэ бүлэг амьтдыг бүслэн зогсож байна. Доор нь зогсогч хүнийг “бүжиглэж” байгаа байдлаар үзүүлжээ. Мөн энд морь, морьтон, малгай өмссөн хүмүүс, араатан амьтдыг дүрсэлсэн байдаг. Эндээс 1 км орчим зайд хадны зургаар баялаг бас нэгэн хэсэг хад чулуу байх бөгөөд зурагт тэмээн жин, зогсож байгаа буга, янгир, морь, хулан, морьтон, морь унасан далбагар малгайтай хүн зэргийг гол төлөв дүрсэлжээ. Мөн нохойтой хамт янгир агнаж байгаа байдлыг ч харуулсан зураг байна. Аравжихын хадны зураг нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн сүүл үед хамаарна.