Ар цохиотын хадны зураг

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын төвөөс баруун урагш 10 орчим км зайд нэгэн урт хөндийн дунд орших дов толгодыг Ар Цохиот гэдэг. Энэ толгодын орчим эртний булш хиргисүүр нэлээд бий. Мөн Амьтант хэмээх жижиг уулын энгэрийн хаданд олон төрлийн ан амьтныг хонхойлон сийлж дүрсэлсэн нь он цагийн урсгалд ихэд элэгдэж бүдгэрчээ. Энд нийтдээ 65 хэсэг хаданд 235 дүрс бүртгэгдсэн бөгөөд зургийн ихэнх хувийг аргаль, янгир эзэлдэг. Түүнчлэн хандгай, буга, чоно, адуу, шилүүс, гахай, нохой, үхэр, ирвэс, тэмээ, хүний дүрс болон тамга тэмдгийн зүйл, тодорхой бус дүрсүүд үлдсэн хувийг эзэлнэ.
 
Биеийн ерөнхий дүрсийг хөвөөлөн гаргаж их биеийн хэсгийг хадны өнгөөр нь үлдээж сийлсэн цаа буга гэмээр дүрс ч байна. Буга хандгайг бодит дүрслэлд ойр гол төлөв хажуу тийш харуулан зуржээ. Зургуудыг урлахдаа хадыг хонхойлгон сийлэх аргыг түлхүү хэрэглэснээс гадна зургийг нэлэнхүйд нь хонхойлгон цохих, биеийн ерөнхий тиг шугамыг хөвөөлөн гаргаад эх биеийн хэсгийг хадны өнгөөр үлдээх, тийнхүү үлдээсэн хэсэг дээрээ уг амьтны яс, дотоод эрхтнийг олон зураасаар эрээлэн хээлж харуулахыг хичээсэн нь ажиглагддаг.