Сагсай голын чулуун зэвсгийн дурсгал

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт орших Сагсайн голын сав дагуух 150км орчим урт хөндийд шинэ чулуун зэвсгийн арвин олдвор бүхий 12 суурийн газрыг 1983 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Чулуун зэвсгийн дурсгал судлах анги анх илрүүлэн олсон. Эдгээрийн суурин газрууд нь эртний болон харьцангуй сүүлийн үеийн мөстлөгийн хурдасны ул мөрийг агуулсан байдгаараа онцлогтой бөгөөд тус бүс нутгийн хөрсний өнөөгийн 0 түвшнээс дээш 10-220м өндөрт байрладаг.
 
Дээрхи 12 суурин газраас нийтдээ говийн хэлбэрийн үлдэц 18, шүдэлсэн маягийн ир гаргасан зэвсэг нэг, хонхорхойтой зэвсэг 4, хасуур болон хасуурын төрөлд оруулан тооцож болох зэвсэг 13, ир бүхий ялтас гурав, ялтас яс, залтас 32, чулуун зэвсэг үйлдвэрлэлийн явцад гарсан орхигдос 7 ширхэг тус тус олдсон байна. Өгүүлэн буй чулуун зэвсгүүдийг хар саарал өнгийн цахиурлаг чулуугаар үйлдсэн бөгөөд он цагийн хувьд нэлээд сонирхолтой зааг үед холбогдох юм. Үлдцүүдийн ерөнхий хийц төрх, хэлбэр хэмжээ нь шинэ чулуун зэвсгийн үед хамаарах арга технологийг илэрхийлж буй боловч зарим нэгэн дурсгал микролитын соёл буюу хуучин чулуун зэвсгийн үед хэрэглэгдэж байсан арга технологиор хийгдсэн байна. Энэ нь Сагсай голын хөндий дагуух уулсын нутагт Христийн тооллын өмнөх 12 мянган жилээс хүн амьдарч байжээ гэж үзэх үндэслэлийг бий болгосон. Гэхдээ эдгээр чулуун зэвсгийн дурсгал бүхий суурин газрууд нь харилцан адилгүй өндөрлөгт байгаа ил орших “нээлттэй суурингууд” болно.

Судалгааны явцад олдсон нэгэн сонирхолтой олдвор бол ямар ч тохиолдолд, ямар ч зэвсгийн зориулалтаар ашиглаж болох хусуурын төрлийн ирийг зэвсгийн урд талаас гаргасан 65 градусын налуу байрлалтай ир бүхий зэвсэг юм. Энэ зэвсгийг хутга, хусуурын зориулалтаар ашиглаж байсан байх гэж үзсэн.

Сагсай голын хөндийд байрлаж буй шинэ чулуун зэвсгийн үеийн дээрхи 12 суурин газар олдсон олдвор болон байршлынхаа хувьд харьцангуй бага байгаа нь дээрхи газрууд хүн “түр зуур” сууж байсан болохыг баталж байна. Өөрөөр хэлбэл анчид болон явуулын хүмүүс түр хугацаагаар буудаллаж байжээ.