Чулуун зэвсгийн суурин

Монгол орны чулуун зэвсгийн судалгаанд түгээмэл тохиолддог ойлголтуудын нэг бол энэ үеийн дурсгалыг өөртөө агуулсан “нээлттэй суурин” хэмээгч билээ. Монгол орны нутагт хийсэн чулуун зэвсгийн хайгуул судалгааны ажлын хүрээнд 800 гаруй бууц, суурин, дарханы газрыг олж илрүүлсний 80 гаруй хувийг нь “нээлттэй суурин” эзэлж байна. Тухайлбал: 1961-1969, 1983 онд судалсан Мойлтын амны, 1983 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын дурсгал судлах экспедицийн судалсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт орших Сагсай голын 1-12 дугаар суурингууд (шинэ чулуун зэвсгийн үе), 1987-1990 онд малтан судалсан Орхон I, VII, 1995 онд илрүүлсэн дэлхийн хуучин зэвсгийн судалгааны хүрээнд эзлэх байр суурь, агуулга, бүтцээрээ онцгой ач холбогдолтой болох Өмнөговь аймгийн Булган сумын нутаг, Арц Богд уулын өвөрт орших Цахиуртын хөндийн суурин зэргийг нэрлэж болох юм.

Чулуун зэвсгийн үеийн дурсгалыг агуулсан “нээлттэй суурин” гэдэг ойлголт нь археологийн шинжлэх ухааны “соёлт давхарга”-ыг хаана, хэрхэн агуулж байгаагаас шалтгаалан гарсан байна. Ер нь чулуун зэвсэг судлалд хэрэглэгдэж буй “соёлт давхарга”-ын тухай ойлголт нь хожуу үеийн дурсгалыг судалдаг археологийн шинжлэх ухааны “соёлт давхарга” хэмээхээс эрс ялгаатай юм. Хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөдөлмөрийн багаж зэвсэг, эдэлж хэрэглэж байсан зүйлс нь анхны орхигдсон байрандаа буюу байгалийн ямарваа нэгэн өөрчлөлтийн явцад байрлалаа үл өөрчлөн тогтвортой хадгалагдан үлдсэн байдагт оршино. Өөрөөр хэлбэл, хуучин чулуун зэвсгийн үеийн “нээлттэй суурин”-гийн гол ялгагдах онцлог нь түүхэн “соёлт давхарга” нь газрын хөрсөн дээр ил хэлбэрээр оршдог байна. Иймээс чулуун зэвсгийн үеийн “нээлттэй суурин”-гийн “соёлт давхарга” бүрэлдэх үйл явцыг тусгайлан авч үздэг. “Нээлттэй суурин”-гийн “соёлт давхарга” бүрэлдэх үйл явц нь гурван үе шатыг дамжин боловсордог. Үүнд:
 
Нэгдүгээр үе нь газрын өнгөн хөрсөн дээр хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон анхны үлдэгдэл бий болсон цагаас эхэлнэ. Өгүүлэн буй үлдэгдэл гэдэгт хөдөлмөрийн төрөл бүрийн багаж зэвсгүүд, тэдгээрийг үйлдвэрлэх явцад гарсан үйлдвэрлэлийн орхигдос, эртний хүний хоол хүнсэндээ хэрэглэсэн амьтдын яс зэрэг орно. “Соёлт давхарга” бүрэлдэх энэ үе нь тэрхүү газрыг тэр үеийн хүмүүс орхин явснаар төгсгөл болдог.

Хоёрдугаар үе нь нэгдүгээр үеийг бодвол харьцангуй удаан хугацаанд хур тунадас, нарны хурц гэрэлтүүлгийн нөлөөн дор үргэлжилдэг. Энэ үед хүний орхин одсон сууринд анхны механик үзэгдлүүд явагдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, нарны хурц гэрлийн дор оршиж буй биетүүд анхны хэв шинжээ алдаж эхлэх үйл явц ажиглагддаг. Эл үзэгдэл органик биет дээр ялангуяа амьтдын ясан дээр тодорхой мэдрэгдэнэ. Үүнтэй зэрэгцэн орхигдсон сууринд зэрлэг араатан амьтад анхны зочид нь болон хүрэлцэн ирнэ. Тэд хүний үлдээсэн яс болон бусад идэж болох бүхнийг хоосолсноор энд зөвхөн хүний гараар бүтсэн чулуун зэвсгийн дурсгалууд нь үлдэнэ. Гэхдээ чулуун зэвсгийн дурсгалууд нарны хурц туяа, хур тунадас, халуун хүйтний хэлбэлзэл, салхи зэргээс шалтгаалсан байгалийн элэгдэлд орж эхэлдэг. Үүнээс гадна зарим “нээлттэй суурин”-гууд хөрсний нүүлтийн улмаас булагдан тэнд шинэ өнгөн хөрс бүрэлдэн тогтох үйл явц эхэлдэг байна.

“Соёлт давхарга” үүсэн бүрэлдэх гуравдугаар үе нь цаг хугацааны үед дээр өгүүлсэн хоёр давхаргаас харьцангуй удаан хугацаанд үргэлжлэх бөгөөд мөнхийн сөнөмөл байдалд байдгаараа онцлог. Энэ үе нь судлаачид уг дурсгалыг илрүүлэн олсноор төгсдөг байна.

Чулуун зэвсгийн үеийн “нээлттэй суурин”-гийн “соёлт давхарга”-ыг бүрэлдүүлж буй зүйлсэд дараах дурсгалууд орно. Үүнд: чулуун зэвсгийн дурсгалууд, анхны дутуу шаталт бүхий шавар ваар савны хэлтэрхийнүүд, өөр газраас зөөгдөж ирсэн боловч анхны хэлбэр төрхөө алдаагүй чулуунууд (галын дэргэд хөвөөлөн тавьсан чулуу гэх мэт), амьтдын яс, нүүрс, зос зэрэг орно.