Дулааны говийн дурсгал

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 50 км зайд Дулааны говь хэмээх элсэн довцогууд, загийн шугуйтай хотгор газар бий. Эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн энэ газар бол эртний нуурын сав юм. 1955 онд төмөр замын Улаан уул станцын ажилтан К.Ю.Ефремов анх эндээс чулуун зэвсгийн зүйл олсноо мэдээлснээр уг газар нь Монголын эртний судлалын шинжлэх ухааны жагсаалтанд оржээ.
 
Дулааны говьд анхны хайгуул судалгаа, шинжилгээний ажлыг Монголын археологич Х.Пэрлээ, Н.Сэр-Оджав нар хийж уг газарт шинэ чулуун зэвсгийн дунд, хожуу үед хүн нутаглаж байжээ хэмээн үзсэн байна. Тэд 1957 онд “Дулаан ус” (худаг) хэмээх нэрийн дор эндээс олдсон олдвор хэрэглэгдэхүүнүүдийг нийтэлж, мөн онд Ц.Доржсүрэн “Дулаан говь” гэдэг нэрээр Монгол нутгаас чулуун зэвсгийн олдвор олдсон газрын нэрсийн жагсаалтанд тэмдэглэж, 1971 онд археологич Д.Дорж, “Дулаан ус” гэдэг нэрээр “Неолит Восточной Монголий” зохиолдоо өгүүлэн эндээс олдсон чулуун зэвсгийн зүйлсийн зарим хэсгийг НТӨ III мянган жилд хамааруулан үзжээ.
 
Тус газарт Д.Цэвээндорж, П.Хосбаяр нар археологи-геологийн хамтарсан судалгааг хийсэн байна. Газарзүйн тогтцын хувьд Дулааны говийн хотгор нь Дорноговийн их буурцын зүүн өмнөд хэсэгт орших бөгөөд баруун хойд талаараа Цантын өргөгдөл, зүүн өмнөд хэсгээрээ Адарман уулын өргөгдлөөр тус тус хүрээлэгдэнэ. Баруун өмнөд хэсгээрээ Зүүнбаяны хотгортой залгана. Энэхүү хотгор мезозойн болон кайнозойн эх газрын гарал үүсэлтэй улаан, эрээн, цайвар өнгийн хурдсаар дүүрсэн байна. Энд археологи, палеонтологийн үлдэгдэл олдворыг агуулсан хөрсний 12 давхарга байгааг тогтоожээ. 12 давхаргууд он цагийн хувьд дөрөвдөгч галавын үед хамаарах ба бүтцэд нь янз бүрийн гарал үүслийн хурдас чулуулаг бий. Тухайлбал дарагдмал хөрсний хоёр үе, нуурын хурдас, гол болон бэл хормойн гаралтай туслах чанарын хурдас үелэн тогтож, энэхүү давхаргуудад цаг уурын өөрчлөлтүүд (халуун, хүйтрэлт)-ийг давсан эртний газарзүйн дахин үл давтагдах онцлогууд хадгалагдан тэдгээр нь археологийн олдворуудыг агуулж байгаагаараа эрдэм шинжилгээний ач холбогдолтой. Дулааны говиос олдсон чулуун зэвсгийг төрөл зориулалтаар нь авч үзвэл:
 
  • Сумны зэв: Нийтдээ 20 ширхэг зэв олдсоныг хэлбэр төрхөөр нь ангилбал, ялтсан зууван урт зэв зургаа, навчин хэлбэрийн зэв нэг, гурвалжин хэлбэрийн зэв 13 ширхэг бий. Ялтсан зэвүүд нь нэг, хоёр талсттай нарийн урт хутган ялтасны үзүүр, мөн хоёр хажуу ирмэгийг ар талаас нь жигд ирлэж зассан бөгөөд хөндлөн огтлол нь гурвалжин ба дөрвөн өнцөгт хэлбэрийг үүсгэсэн. Ийм төрлийн зэвүүдийг үйлдсэн арга хэлбэрийнх  нь хувьд мезолитын сүүлч, неолитын түрүү үед холбон үздэг. (Окладников, 1950) Навчин хэлбэрийн зэв нь ялтасны хоёр талаас засаж хийсэн, хөндлөн огтлол нь ромбо хэлбэртэй. Үүнтэй төстэй зэвийг он цагийн хувьд НТӨ III мянган жилийн сүүлч, II мянган жилийн эхэн үед хамаарч байна.
  • Чулуун шөвөг: Дулааны говиос хоёр чулуун шөвөг олдсоны нэг нь бүтэн, нөгөө нь хугархай. Чулуун залтасыг тал бүрээс нь жигд засаж шөвөг хийсэн байдаг.
  • Ялтас: Нийтдээ 200 гаруй олдсоноос жижиг ялтас нэлээд хувийг эзэлж байна.
  • Хусуур: Цуглуулганд хусуур зэвсэг 39 ширхэг байгааг хэлбэр төрхөөр нь ангилан үзвэл, хумсан хэлбэрийн 23, хажуугийн зургаа, булангийн 10 ширхэг болно.
  • Хянгар: Хавтгай цахиурлаг чулууны нэг ирмэгийг хоёр тал ба нэг талаас нь тус тус цохиж ирлэсэн хянгар хоёр ширхэг олдсон.
  • Хутга: Нимгэн хавтгай цахиурлаг чулууны нэг ирмэгийг хоёр талаас маш жигд цохин ир суулгасан хутга хоёр ширхэг олдсон.
  • Ооль хэлбэрийн зэвсэг: Хажуу ирмэг болон үзүүрийг нь хоёр талаас нь ирлэсэн ооль хэлбэрийн зэвсэг эндээс 2 ширхэг олдсон бөгөөд ийм төрлийн зэвсэг Дорнод Монголын нутгаас элбэг олддог.
  • Үзүүр мэс: Цахиур чулууг хоёр талаас  нь цохин засаж хийсэн жадны гурвалжин мэс хоёр ширхэг олдсон бөгөөд тэдгээрийг ишинд суулгахад тохиромжтой болгон нимгэлэн хавтгайлжээ. Хийсэн арга барилынх нь хувьд мезолитын үед хамаатуулан үзнэ.
  • Үлдэц: 62 ширхэг үлдэц олдсоныг дотор нь говийн (41 ширхэг), призм хэлбэрийн (14 ширхэг) гэж ангилан үзсэн.
  • Залтас: Олдсон цуглуулгын дотор тодорхой хэсэг хувийг залтасууд эзэлж байна.
  • Нүдүүр, нухуур, самбар, чулуу:  Эндээс үр тариа боловсруулах зориулалт бүхий боржингоор үйлдсэн самбар чулуу, мөн нухуурын хугархай олдсон. Энэ нь Монгол нутагт эрт үеэс газар тариалан тодорхой хэмжээгээр хөгжиж байсны баталгаа болно.
  • Хүрэл хутга: Ээтгэр үзүүртэй хүрэл хутганы хугархай олдсон нь НТӨ XII-VII зуунд Монгол, Өмнөд, Сибирь, Төв Азид өргөн тархсан хутганы төрөлд орох юм. (Киселев, 1950, Волков. 1967).
 
Эдгээрээс гадна Дулааны говиос олон тооны шавар ваар савны хагархайнууд олдсон. Энэ бүхнээс үзэхэд Дулааны говийн орчимд мезолитын үеэс эхлэн неолит, хүрэл зэвсэг болон дундад зууны үеэс хүн тасралтгүй амьдран сууж ирсэн нь илт юм.