Баянзагийн суурин нь Өмнөговь аймгийн Булган сумын нутагт буюу говь нутаг дахь Алтайн уулсын өмнөд төгсгөл, Гурвансайханы нуруу орох замд оршино. Р.Ч.Эндрюсийн судалгааны анхны багийнхны тодорхойлсноор уг дурсгалт газар Хаалганаас Ховд орох худалдааны замын дагууд Хаалганы баруун хойд зүгт 687,5 милийн зайтай газарт буй. Уг дурсгалыг 1925 онд Берке, Моррис нар илрүүлэн олж, Берке, Нелсон нар малтан судалжээ. Дараа нь уг дурсгалыг 1960-аад оны үед А.П.Окладников, 1985 онд Д.Дорж, А.П.Деревянко, Ж.Олсен нар үзэж судалсан байна. Эндээс олон мянган чулуун зэвсгийн дурсгал болон ваарны хагархай олдсоноос хамгийн сонирхолтой нь археологийн ухаанд “Говийн үлдэц” нэрээр орсон үлдэц хусуур юм. Зэвсгийн төрөлд сумны зэв, зуулга ирт эдлэл, хутган ялтас, хусуур зонхилох хувийг эзлэх бөгөөд жадны үзүүр буюу гилбэр хэлбэрт зэвсэг ч тааралдана.