Ойгон нуур нь Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт байдаг ба сумын төвөөс 18 км зайтай оршдог. Нууранд нутгийн Цорго, Жарамтай, Жаргалант, Могой, Харганын голууд цутгадаг бөгөөд эдгээр нь нуурын хөвөөгөөр үзэсгэлэн төгс байдлыг бүрдүүлдэг. Ойгон нуурын эргэн тойронд өндөр, нам толгодууд байдаг ба тэдгээрийн дундуур том, жижиг нийлсэн 108 нуур бий хэмээн нутгийнхан ярьдаг.
Нуурын орчин хуучнаар Засагт хан аймгийн Нөмрөг уулын Загдсамбарын хошууны нутаг бөгөөд Ойгон нуурын арын Баян-Айраг уулын өвөрт Түшлэгийн булаг, Их намаржаа, Бугын толгойтын эх хэмээх газруудад Монгол төрийн тамгатай хутагтууд болох “Арь гэгээн”, “Жалханз”, “Дилав” хутагтууд мэндэлсэн гэдэг.
Ойгон нуурын савдаг нь эмэгтэй хүн байдаг хэмээн ярилцсаар иржээ. Домгоор бол, эрт үед нэгэн бадарчин явж байгаад ихэд ядарч цангаад “цай уух юмсан” гэж бодтол нуурын захад гуулин шар домбо харагдаж гэнэ. Очоод үзтэл домбон дотор үнэхээр аагтай шаргал цай байна гэнэ, цангасан бадарчин шууд домботой цайг хөнтрөөд уучихжээ. Тэгээд цааш алхаад эргэж хартал нууран дотроос нэгэн үзэсгэлэнт бүсгүй гарч ирэн нөгөөх домбоны амсар руу шагайж харчихаад хоосон домбыг тэврээд нуур руу яваад орчихжээ. Бадарчин “би цайг нь лусад үлдээлгүй уучихдаг эргүү толгой” хэмээн үглэсээр явжээ. Нутгийнхан үүнийг сонсоод үзэсгэлэн төгс нутаг нь усаар гачигдах вий хэмээн эмээж зун болохоор “Хойд шанааны овоо”-г тахиж хур буулгадаг, намар болохоор “Урд шанааны овоо”-г тахиж хур бороог татраадаг уламжлалтай болжээ. Зон олон ийнхүү нуураа тахиж ирснээр эргэн тойронд нь 108 нуур үүсэж “Ойгон хатан ижий”-д өргөсөн усан тахил болон тогтсон хэмээн домоглодог.
Нуурын ар биед “Алтан тэвш” гэх хонхор байдаг боловч тэр болгон хүмүүст таарч харагддаггүй байна. Таарсан хүн дотор нь орж хэвтэх юм бол Баян-Айраг уулын хамгийн өндөр цэг болох “Тугч” орой харагдана, тэр оройг харсан хүн эд баялгаар дэвждэг хэмээн итгэдэг.