Зэд – Хантай – Бүтээлийн нуруу ДЦГ нь Улаанбаатар хотоос баруун хойд чиглэлд 500 км зайд Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутагт оршино. Зэд, Хантай, Бүтээлийн нуруу нь сум, багийн төвөөс алслагдмал, улсын хил дагуу орших дундаж уулын тайга, намаг бүхий бартаа ихтэй нутаг бөгөөд газрын ашиглалт бараг хийгдээгүй онгон дагшин газар. Харин сүүлийн жилүүдэд энэ орчны ой модыг хавтгайруулан огтлох, ойн түймэрт өртөх, хортон шавьжид идүүлснээс гадна ан амьтдыг зүй бусаар агнах явдал ихэссэнээс тэдгээрийн тоо толгой цөөрч зарим зүйл нь устах аюулд хүрч байгааг үндэслэн 2011 оны 5-р сарын 5-нд УИХ-ын 18-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авч “дархан цаазат газар” болгосон. 2011 оны 11-р сарын 19-нд хамгаалалтын захиргааг байгуулсан бөгөөд Булган аймгийн Сэлэнгэ сумын төвд байрладаг. Тус ДЦГ-ын нийт талбай 611300 га бөгөөд үүний 240020 га нь Сэлэнгэ сум, 318970 га нь Тэшиг сум, 52310 га нь Хутаг-Өндөр сумын нутагт харъяалагддаг.
Газар зүйн онцлог: Физик газарзүйн мужлалаар Хангай - Хэнтийн уулархаг их мужийн Орхон - Сэлэнгийн сав дахь бэсрэг нам уулсын мужид багтана. Хотгор гүдгэрийн хувьд Өвөр Байгалийн дундаж уулсын үргэлжлэл, ландшафтын хувьд Сибирийн хөвч тайгын өмнөд төгсгөл болох уулзүйн систем, ландшафтын бүрдлийн хувьд өвөрмөц онцлогтой нутаг. Тус мужид багтах Намнангийн нуруу, Уран тогоо, Тулга уул, Хан Жаргалант уул гэсэн газрууд нь улсын тусгай хамгаалалтад орсон байдаг.
Зэд, Хантай, Бүтээлийн нуруу нь бүхэлдээ өргөрөгийн дагуу байрлах нэгэн нэгдмэл уулзүйн тогтолцоог бүрдүүлэх бөгөөд өмнөд хэсэг нь харьцангуй өндөр өргөгдсөн тул хойшоогоо намсах байдалтай өөрөөр хэлбэл хотгор гүдгэрийн шинж байдал нь Хангайн нуруунаас эрс ялгаатай. Зэд – Хантай – Бүтээлийн нуруу нь эртний тэгшивтэр гадарга бүхий хавтгай орой хяртай, үнэмлэхүй өндөр д.т.д 1400-2100м, дундаж өндөр нь 1600-1800м, хамгийн өндөр цэг нь 2171м өргөгдсөн Хантайн нурууны ноён оргил Будлан уул, нам цэг нь Эг-Тарвагатай голын бэлчир юм. Голлох өндөр нурууд нь баруун урдаас зүүн хойд чиглэлд сунаж тогтсон, Хантай, Бүтээлийн нуруу болон улсын хилийн дагуух Зэдийн нуруу тэдгээрийн салбар уулс юм. Уулсын орой нийтдээ бөмбөгөр хавтгай хэлбэртэй ба хажуу налуувтар боловч өвөр хажуу нь араасаа эгцэвтэр шинжтэй. Зэдийн нурууны салбар уулсад Онгоны нуруу (2155.9), Харагдах магнай уул (1755.6), Бургастай (1799.5), Хонгор майл (1725.3) юм. Эдгээр уулс нь хөтөл олонтой учраас орой нь шовх, сэрвэн маягтай агаад ой модоор хучигдаж тайгын шинжийг хадгалсан байдаг.
Зэд, Бүтээлийн нурууны өмнөөс Эрэн, Тарвагатай, Азарга, Зэлтэр гэсэн 4 том гол, тэдгээрийн салбарууд эх аван урсдаг. Эдгээр голууд нь ус ихтэй, урсгал түргэнтэй Сэлэнгэ мөрөн болон түүний томоохон цутгал Эгийн голын усзүйн горимд тэргүүлэх нөлөөтэй.
Геологийн тогтоц: Геологийн тогтоцын хувьд газрын гадарга нь тектоникийн хувьд хойд Монголын атриат системийн өргөгдөлд хамаарах ба С.С.Шульцийн үйлдсэн уул үүсэх мужийн хөгжлийн горимын шинжийн хувьд дунд зэргийн идэвхжилтэй мужид багтана. Энэ нутагт геологийн янз бүрийн цаг үеүдэд үүссэн, найрлага, бүтцийн хувьд харилцан өөр, дунд рифийн хувирмал, дээд пермийн бялхмал, дээд перм, доод триасын шургамал чулуулаг зонхилно. Уулсын хоорондох хөндий хотгор, голын хөндийнүүдэд дунд, дээд дөрөвдөгчийн ба орчин үеийн настай элс, хайрга, сайрга, шавранцар, элсэнцэр материалаас бүрдсэн сэвсгэр зузаан хурдас түгээмэл тархана.
Хөрс: Төдийлөн өндөр биш, дундаж өндөр уулс зонхилох учраас хөрсний босоо бүслүүрүүд сайн илэрч хөгжөөгүй өндөр уулын нугын хөрс тун хязгаарлагдмал. Уулын хажуугийн зүг зовхисын хүчин зүйл хөрсний тархалтад хүчтэй нөлөө үзүүлэх боловч уулын ар, өвөр хажуугийн хөрсөн бүрхэвчийн хооронд эрс тэс ялгаа бага. Тухайлбал, хөрсөн бүрхэвчийн босоо бүслүүрийн дагуу уулын ар, өвөр хажууд дээрээс доошоо уулын тайгын цэвдэгт, уулын тайгын ширэгт (гүндээ цэвдэгтэй), уулын ойн бараан, уулын нугат ойн, уулын хар шороон хөрс ээлжлэн тархсан. Ойд уулын тайгын ширэгт хөрс голлох суурийг эзлэн, ар хажуугийн дээд хэсэгт 1600-1700 метрээс дээш өндөрт уулын тайгын цэвдэг хөрс, доод бэл хормойгоор нь уулын ойн бараан, нугат ойн хөрс багагүй тохиолдоно. Уул нуруудын өвөр хажууг нэлэнхүйд нь бүрхсэн уулын хар шороон хөрсний дотор нунтаг карбонатлаг, карбонатгүй хар шороон хөрс, хотос нугачаа газруудаар нугат хар шороон хөрс цөөнгүй тохиолдоно. Уулсын хоорондох хөндий хотгорт хар шороон хөрс, нарийвтар ам хөндийд нугын ба нугат намгийн хөрс нарийн зурвас үүсгэж тархсан.
Ойн сан: Хантай, Сэлэнгийн тойргийн ой хөвчийн талбай 1.2 сая орчим га буюу Монгол орны ойн талбайн 10 орчим хувийг эзэлдэг. Тухайн нутаг уулзүй, уур амьсгалын өвөрмөц нөхцлөөс болж ой - ургамалжлын бүтэц харьцангуй баялаг, нийлмэл байна. Ойг үүсгэгч гол мод нь сибирь шинэс бөгөөд томоохон нуруудын оройгоор хуш дангаараа буюу шинэстэй холимог ургана. Харин Хантайн нурууны зүүн биеэс доош нарс дангаараа буюу хустай холимог тархсан. Онгон уулын нарс, дүгэрээ нарс, дух нарс, сүүл нарс зэрэг элсний нарсан ой Монгол орны хувьд нэлээд ховор ба хамгаалалтанд авах газрууд юм. Хантайн нурууны ар өвөрт зарим жижиг голыг дагаж гацууран ой зурвас байдлаар тохиолдоно.
Энэ бүс нутгийн захын нам уулс, зарим бэсрэг уулс зөвхөн энгэр хэсгээрээ ойтой, томоохон нуруудын системийн уулс энгэрийнхээ дээд хэсгээр ойтой байгаа нь Хангай нуруу ба Алтайн уулсаас ялгаатай. Харин Өвөр байгалийн мужийн ой – ургамалжилтын төрхтэй нэлээд төстэй. Энэ бүс нутагт цармын ой, тайгын ой, тайгархаг ой гэсэн өвөр байгалийн бүсийн ангилалд хамаарах 5 төрлийн өргөгдөл бүслүүрийн бүрдэл илэрдэг боловч царам, таг бүхий өндөр уулс бага тул цармын ойн бүслүүрийн эзлэх хэмжээ бага. Ойн нөөцийн ихэнх нь голуудын савд тархсан бөгөөд шинэс, шинэс-хушин ой зонхилно. Голуудын хөндий нь бусдаас өргөн тавиу, үнэмлэхүй өндрийн хувьд харьцангуй нам түвшинд орших тул энд жинхэнэ тайгын хэв шинжит ой түгээмэл. Өндрийн бүслүүрийн зүй тогтлоос илүү өргөрөгийн бүсийн зүй тогтол давамгайлдаг.
Ургамал: ДЦГ нь уул, хөндийн хээр, уулын ой мод сөөлжлөн тархсан ургамалшилтай. Хэдийгээр их хэмжээний ой мод тархсан (ойрхог чанар 34-42 хувь) боловч ургамалшлын зонхилох хэсгийг хээр болон ойн бус ургамалжил эзлэх ба тэдгээрийн тархалт нь аливаа уулархаг нутгийн адилаар босоо бүслүүрийн зүй тогтолд захирагдана. Энэ нутаг бүхэлдээ ойн ургамшлын мужлалаар Өвөр Байгалийн их мужийн Зэдийн мужид багтаж Өмнөд Сибирь -Умард Монголын хэв шинжид багтах уулын тайгын ойн бүслүүрт хамаарна. Уул зүй, уур амьсгалын өвөрмөц нөхцөлөөс шалтгаалан ойн ургамалжлын бүтэц харьцангуй баялаг. Уулс хоорондох хөндийн нугын шинжтэй хөнгөн шавранцар хар хүрэн хөрстэй газар алаг өвс-хиаг-хялганат хээр, голын татам хөндийн нугат-намгийн ба намгийн хүлэрлэг цэвдэгт хөрстэй газар армаг тармаг сөөгөн ширэнгэ бүхий алаг өвстэй, улалжит ба үетэн улалжит нуга, өндөрлөг талын уулын хар шороон ба хар хүрэн хөрс бүхий газар алаг өвс-ботуульт, алаг өвс-жижиг дэгнүүлт, үетэн-ботуульт уулын хээр тархдаг.
Хөхтөн амьтан: Сэлэнгийн савын адаг, Эгийн голын сав нутаг хөхтөн амьтны зүйлийн бүрэлдэхүүнээр баялаг ч энэ бүс нутагт хөхтөн амьтны тусгайлсан судалгаа хийгдээгүй. Ой, хээрийн амьтны холимог бүрдэлтэй, 6 багт хамаарагдах 53 зүйл амьтан тэмдэглэгдсэний дотор шавьж идэштэн 8, сарьсан далавчтан 4, туулай хэлбэртэн 4, мэрэгчтэн 20, махан идэштэн 12, туруутан 5 байна. Ховор амьтны жагсаалтад орсон дагуур зараа, монгол тарвага, хөх ольби (Lutra lutra), заарт ондатораас гадна хярс, үнэг, хүрэн баавгай, ойн булга, нохой зээх, цагаан үен, шилүүс мий (Lynx lynx), зэрлэг гахай, баданга хүдэр, бараан хандгай зэрэг 15 зүйл амьтан бий. Монгол Улсын Улаан номд орсон 4 зүйл буюу дагуур зараа, алтайн чацуулин, баданга хүдэр (Moschus moschiferus), бараан хандгай (Alces alces), олон улсын Улаан номд орсон 2 зүйл (нохой зээх, саарал чоно), Монголын ховор амьтны жагсаалтад орсон 2 зүйл (бараан хандгай, халиун буга) байдаг. Эдгээрээс буга, хандгай зэрэг амьтдын тоо цөөрч дайжин тархац нутаг нь эрс багассан учраас улсын тусгай хамгаалалтанд яаралтай авч “Байгалийн экологийн тэнцвэр хадгалах бүс” болгосон. Шувуу: Ятуу, хөтүү, хур, сойр, зэрэг агнуурын, тас, бүргэд, шонхор, сар, элээ, зэрэг махчин, хун, галуу, нугас, ангир, тоодог зэрэг нүүдлийн шувууд ихээхэн тохиолддог. Загас: Дархан цаазат газрын нутаг нь усзүйн сүлжээ нягт газрын тоонд орно. Зэд-Хантай-Бүтээлийн нурууны өмнөд хэсгээс Эрээн, Тарвагатай, Азарга, Зэлтэр гэсэн 4 том гол, тэдгээрийн салбар 200 гаруй гол горхи эх аван урсдаг. Эдгээр голууд ус ихтэй, урсгал түргэнтэй, сибирь тул, улаан сүүлт, зэвэг, хадран, цурхай зэрэг олон төрлийн загастай.
Ландшафт: ДЦГ-ын бүс нутаг нь ландшафтын бүрдлийн хувьд өвөрмөц онцлоготой. Байгалийн бүс, бүслүүрийн хувьд ойт хээрийн бүсэд багтах уулын тайга, торлогт хөндийн ландшафт голлох цулдам өндөр уулс, хотгор, томоохон голуудын хөндий бүхий гадаргатай. Байгалийн мужлалаар Сэлэнгийн савын бэсрэг уулсын мужид хамрагдан, мужийн гол төлөөлөл болсон байгалийн уугуул төрхөө харьцангуй сайн хадгалсан, хотгор гүдгэрийн тогтоц, ландшафтын үндсэн хэв шинж, экосистемийн төлөөлөл, онцлог бүхий тухайн нутгийнхаа цөм болсон хэсгийг дархан цаазат газрын нутагт хамруулсан. Зэд-Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ-ын 59.7%-ийг үетэн бүхий нарс, шинэс болон хусан ойгоос бүрдэх тайга, 31.6%-ийг давжаа бут, ногоон хөвд бүхий шинэс-хушин ба шинэсэн ойгоос бүрдэх тайга эзлэх ба татмын нуга 6.6% , ойт хээр 1.3%, нугат хээр 0.8%-ийг эзэлдэг буюу энэ нутгийн 91.3%-ийг ой мод бүхий тайга, дэд тайгын экосистем бүрдүүлж байна.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах