Дорнод аймгийн Сэргэлэн, Гурванзагал, Чойбалсан сумдын нутагт орших байгалийн нөөц газар бөгөөд Яхь нуур нь аймгийн төв Чойбалсан хотоос хойш оршино. Цагаан зээрийн тархацын хойд зах нутаг бөгөөд 1998 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Цагаан зээр нь хоол тэжээлийн хомсдолтой үед Галын шил, Тосон Хулстай, Салбарын талын зээрийн сүрэг энэ нутаг руу нүүдэллэн ирдэг байна.
Яхь нуурын зүүн, хойд болон баруун хойд талаар намхан уулс толгодтой бөгөөд өмнө талаараа модгүй, тэгш талархаг нутаг юм. Хадархаг нүцгэн бэсрэг уулс, уулс хоорондын хөндий тэгш тал, нуурын хоолой, шавар намгархаг газрууд хосолсон байдаг. Огцом өргөгдсөн жижиг уул мэр сэр байдгийн нэг нь Дун уул юм. Далайн төвшнөөс дээш 920 метр бөгөөд ойр орчимдоо зэгс бүхий жижиг бүрдтэй уул болно. Нөөц газрын бүсэд Төхөмийн нуур, Их дэлгэрийн нуур, Бага дэлгэрийн нуур, Баян Эрхтийн нуур, Тэмээтийн нуур, Дунгай цагаан нуур зэрэг 17 давстай нуурууд байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн том нь Яхь нуур юм. Яхь нуур руу Галын гол цутгах бөгөөд голын урсацаас хамаарч нуурын түвшин өөрчлөгддөг. Намар болоход Галын голын ус ширгэж, нуур ч бас шаварлаг хөрс болон хувирдаг.
Монголд ховор идлэг шонхор, дагуурын ятуу зэрэг шувууд болон дагуурын зараа байдаг. Энэхүү нөөц газарт байх нууруудын орчимд намар үе үе шувуудын чуулган болно. Ургамалжилтын хувьд хуурайсаг олон наст үетэн ургамал зонхилон ургана.