Лхачинвандад уул - Байгалийн нөөц газар

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн урагш 75 километрт байрлах бөгөөд Лхачинвандад уулын байгалийн үзэсгэлэнт байдал, ой модгүй энэ ууланд нутагшин үржиж байгаа буга, бор гөрөөс, илбэнх зэрэг амьтадыг хамгаалах зорилгоор 1965 онд дархан цаазтай болгосон. Гэвч энэхүү үзэсгэлэнт уул нь байгалийн муж, газарзүйн онцлогийг бүрэн төлөөлж чадахгүй байгааг харгалзан тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор "байгалийн нөөц газар"-ын ангилалд хамааруулжээ. Лхачинвандад, Баруун Араат, Зүүн Араат зэрэг уулс нь Монголын Дорнод тэгш талын мужийн өмнөд захад Дарьгангын галт уулт өндөрлөг, талархаг газрын зүүн залгаа орших уулт хээр нутаг юм. Эдгээр уулс нь 1200 метрээс өндөргүй, бөмбөгөр оройтой, уужуу тавиу ам хөндийтэй нам уулс юм. Нутгийн урд хэсэг нь өндөрлөг, хойшоо намхан учир өмнөөс хойшлох тутам аажмаар улам бүр намсан уул толгод, ухаа гүвээ болсоор Дорнодын тэгш тал руу алгуур нийлнэ. Лхачин гэдэг нь "их тэнгэр", вандад гэдэг нь "их хүч чадал" гэсэн агуулгатай гэдэг.

Лхачинвандад уул нь ургамалжилтын хувьд Монголын хээрийн мужийн Дагуурын тойрогт багтана. Хялгана, хазаар өвс, хиаг, хялгана, үет ургамал, агьт хээр зонхилно. Хайлаас, балгана, тавилгана, нохойн хошуу, бургас, монос бага зэрэг байхаас гадна дэгд, башир, алтан гагнуур, соруул, хонгорзул, сөд, таван салаа, хунчир, цагаан мангир, чихэр өвс, алтан харгана, үхэр харгана, ерхөг, хиаг, хонин агь, хөмөл зонхилно.

Лхачинвандадын нөөц газарт буга, бор гөрөөснөөс гадна үнэг, чоно, хярс, өмхий хүрэн, дорго, цагаан зээр, тарвага зурам, үхэр огодой, туулай, чоно, сохор номин, мануул зэрэг амьтад бий. Өвөөлж, хөх цэцгий, алтан хараацай, хонин хараацай, ангир, тогоруу тоодог, хэрээ, бүргэд, харцага, ууль, шар шувуу, улаан хошуут, тагтаа, сар, ятуу, ногтруу зэрэг шувууд тааралдана. Энэ ууланд ойн буга идээшин нутагладаг нь сонин тохиолдол юм. 1886 онд Өвөр Монголын нэгэн ноёноос Егүзэр хутагтад хоёр буга бэлэг болгосныг малласаар 1905 он хүргэжээ. Буга өсөж үржээд 20 гаруй тоо толгой болсон байна. 1914-1915 оны үед Егүзэрийн буга 100 орчим болж өсөхөд тэдгээрийг хашаанаас гарган зэрлэгшүүлж зоргоор нь тавьжээ. Гэвч олон жил хүний гарт дассан тул ойролцоо нутагшиж нэг их холдохгүй байсаар байв. 1930-аад оноос хойш харьцангуй зэрлэгшин Лхачинвандад уулнаа тархаж, Зүүн, Баруун Араат уулсаар ч нутаглах болжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах