УЙГАР-ын хотууд бэхлэлтийн сүлжээ маягтай байсан. Уйгарчууд 100 жил оршин тогтнох явцдаа 10 орчим хот сууринг байгуулсан гэх бөгөөд ихэвчлэн дөрвөлжин шавар хэрэм бүхий бэхлэлт хотуудыг барьсан нь эдүгээ Монгол, Казахстан, Тувагийн нутагт их бага хэмжээгээр үлджээ. Тэдгээр 10 орчим хотыг бэхлэлтийн “сүлжээ” хотууд байсан гэж үздэг. Тувагийн нутагт Уйгар улсад холбогдох нэгэн цайз хотын туурь байдаг бөгөөд хойд хил хязгаарын бэхлэлт болгож нумарсан хэлбэрийн хэрэм бариад дотор нь олон тооны шивээ цайзуудыг барьсан байжээ.
Тэдгээрийн дотор хамгийн том хот нь энэхүү Хотонтын Хар балгас буюу Уйгарын нийслэл Ордубалык юм. IX зууны эхээр Арабын жуулчин Тамим Бин Бахр Ордубалык хотод ирсэн тухайгаа тэмдэглэхдээ “хүн ам ихтэй, худалдаа наймаа цэцэглэн хөгжсөн том хот байсныг дурджээ. Судлаачид тус хотыг 32 кв.км талбайтай байсныг тогтоосон байдаг.
Мөн Хотонт сумын нутагт “Хар балгас”-наас холгүй орших “Дөрвөлжин” хэмээх дурсгалыг Монгол-Хятадын хамтарсан судалгааны баг судлаад уйгар хүний булш болохыг тогтоосон. Гадуураа сувгаар хүрээлэгдсэн, зүүн талдаа үүд бүхий дөрвөлжин хэлбэрийн намхан шавар хэрэмтэй, түүний дотор шатаасан тоосгоор барьсан хэд хэдэн барилгын туурь илэрсэн. Тэдгээр тууриудын ханыг шохойгоор өнгөлж элдэв будгаар зураглан чимэглэсэн байсан. Хэрмийн дотор, газрын гүнд тоосгон бунхан байгуулж нас барсан хүнийг оршуулсан байв. Бунханыг монгол гэр шиг бөмбөгөр хэлбэрээр байгуулж, хаалга үүдийг нь зүүн урд зүг рүү хандуулсан байв. Уйгартай холбоотой булш оршуулга харьцангуй цөөн судлагдсан боловч тэд түрэгчүүдийн адилаар морь дагалдуулан оршуулдаг нь судалгаагаар тогтоогдсон.
Уйгарын үед хамаарах хүн хөшөөд нь Монголын баруун хэсгээр 10 орчим бий. Онцлог нь дэргэдээ ямар нэгэн бунхан, хашлага гэх мэт байгууламжгүй дангаар оршдог. Хавтгайдуу оройтой, чихэвчийг нь сөхсөн малгай өмссөн, хоёр гараа хэвлийн өмнө авч, хундага сав мэт зүйлийг шахаж тэвэрсэн байдлаар дүрслэгдсэн, хэмжээний хувьд харьцангуй том байдаг.
Уйгарчууд түрэгчүүдийн адилаар нас барсан хаад, язгууртнууддаа “тахилын онгон” байгуулдаг. Түүний нэг нь Булган аймгийн Сайхан сумын нутаг дахь Моюунчур хааны тахилын онгон бөгөөд суваг шуудуу бүхий шороон хэрэмтэй, төв дундаа чулуун мэлхий суурьтай бичээс бүхий гэрэлт хөшөөтэй байжээ. Уйгарчууд эхлээд руни бичээс хэрэглэж байснаа өөрсдийн хэл ярианы онцлогт тохируулан согд бичгээс санаа авч уйгаржин бичгийг зохиосон гэдэг. Уйгарчууд руни, уйгар, согд, брахми, хятад зэрэг хэлээр үйл хэргээ тэмдэглэн явуулдаг байжээ.
Монгол-Германы хамтарсан “Орхон” шинжилгээний анги 2018 оны малтлагаар цэвэр усны худаг олсон нь гайхалтай нээлт болов. Эрдэмтэн Хендрик Роланд “археологич хүний амьдралд ховор тохиолдох гайхамшигт олдвор” хэмээн онцолсон бол судлаач Кристина Франкен “Монголын түүхийн судалгаанууд ус чийгтэй орчинд хийгдсэн бараг л анхны тохиолдол” хэмээн тодотгосон.
Худаг 12м орчим гүн, доторлогооны модон байгууламж маш сайн хадгалагдсан, тув тунгалаг, цэв хүйтэн устай. Ёроолын усан дотроос нангиад бичээстэй хүрэл хонх, хэд хэдэн ваар, алтадсан төмөр цоож, гантиг чулуун арслангийн үлдэгдэл олдсон. Хүрэл хонхноос гарах жингэнэсэн чимээ судлаачдад гайхалтай сэтгэгдэл төрүүлжээ. Вааран дээр Уйгарын хааны ургийн тамгыг сийлсэн байсан, харин хонхон дээр “тухайн хонхныхоо жингэнэн дуугарах дуу чимээг магтан дуулсан шүлэг бүхий мөртүүд” байсан аж. Мөн худагийн нойтон шавар дотроос нарийн сийлбэртэй модон эдлэлүүд, гялалзсан хар өнгөтэй шилмүүст модны навч зэргийг цоолборлож хээлсэн метр гаруй урттай модон шонгийн хоёр хугархай гарсан нь хадгалалтын хувьд гайхалтай олдвор төдийгүй Уйгарын хаант улсын соёл, нүүдэлчдийн гар урлалын өндөр ур чадварыг харуулсан чухал дурсгалууд болсон юм.
Хар балгасын ордон хэмээгдэх цайзын барилга нь 35м.кв талбайтай бөгөөд Уйгарын 2 дахь хаан YIII зууны дунд үед бариулжээ. Эдүгээ хотын хэрмийн овгор нь ойролцоогоор 12 метр өндөр бөгөөд шавар шороо үелүүлэн дэлдэж хийсэн тавцантай, голдоо задгай хүрээ бүхий, харин төв хэсэгт нөгөө цэвэр усны худаг бий.
100 орчим жил оршсон Уйгарын хотуудыг Киргизүүд довтлон шатааснаар тус хот үнс нурманд дарагдан 1200 жил өнгөрсөн ч ийнхүү үлдэж чаджээ. Уйгар улс оршин байх цаг үед Тан улс доройтож байсан бөгөөд үе үе Уйгар улсаас цэргийн тусламж авдаг байв. Эл байдлыг ашиглан уйгарчууд хүчээ зузаатган, баян тансагийг хөгжүүлж, Байгаль далайгаас Дорнод Туркестаны цөл газар хүртэл уудам дэлгэр оршиж, Торгоны замаас ашиг хүртэн, хөл хөдөлгөөнд умбаж байжээ.
Газар дор 1200 жил дараастай байсан тус худаг нь хоногт 20 тонн ус гаргах хүчин чадалтай ба хотын чухал хэсэгт байрлаж байсан нь тухайн цаг үед хотын хүмүүсийг ган гачиг, дайн тулааны бүслэлт зэргээс аврах тактикийн шинжтэй гэж эрдэмтэд дүгнэсэн.
Малтлагад Монголын талаас МУИС, ШУА-ийн түүх, археологийн судлаачид оролцсон бол худагийн ёроолоос олдсон тэдгээр олдворуудыг Япон улсын Соёлын өвийн сэргээн засварлах төв хариуцаж байгаа аж.
Тэмдэглэсэн Ч.Буянбадрах