Монгол Дагуурын Дархан цаазат газар

Монгол орны зүүн хойд хязгаарт Дорнод аймгийн Чулуун хороот, Гурванзагал, Дашбалбар сумдын нутгийн зарим хэсгээс бүрдэнэ.  Дагуурын чийглэг тал хээр, том жижиг нуур цөөрөм, гол горхи, намгархаг газар нь Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар болдог. Мөн халуун орны олон зүйл, усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлог. Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны шалгуур үзүүлэлтээр олон улсын болон бүс нутгийн хэмжээнд ховордлын зэрэгт багтсан олон зүйл нүүдлийн шувуудын идээшлэх, үржих, зусах, дайрч өнгөрөх чухал газар юм. Нийт 6 зүйл тогоруу үржлийн болон нүүдлийн үедээ байршдаг.

Байгалийн бүс бүслүүрийн онцлог хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан Монгол Дагуурын хээр, ус намгархаг газар, дэлхийд ховордсон биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор 1992 оны Улсын бага хурлын 11-р тогтоолоор “Дархан цаазат газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Тус дархан газрыг анх А, Б гэсэн хоёр хэсэгтэй, нийт 108100 га талбайтайгаар  байгуулсан бол газар нутгийн үнэ цэнийг харгалзан УИХ-ын 2019 оны 41-р тогтоолоор Б хэсгийн газар нутгийг өмнө болон зүүн өмнө зүгт 87600 га талбайгаар өргөтгөн баталсан. Ийнхүү Монгол Дагуурын ДЦГ-ын нийт талбай 195700 га болж нэмэгдсэн ба А хэсэгт 86500 га, Б хэсэгт 109200 га талбай хамаардаг. Монгол Дагуурын дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт “Даурский” хэмээх дархан цаазат газар оршдог.

  • Монгол Дагуурын ДЦГ-ын хамгаалалтын захиргааг 1993 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод байгуулсан бөгөөд тус захиргаа нь Дорнод Монгол, Яхь нуур, Угтам уул, Тосон хулстай зэрэг тусгай хамгаалалтанд авсан газруудыг давхар хариуцан ажилладаг.
  • Монгол Дагуурын ДЦГ нь 1994 онд Дагуурын хил дамнасан “Олон улсын тусгай хамгаалалттай газар”-ын сүлжээнд хамрагдсан. 
  • 1997 онд Зүүн Хойд Азийн Тогоруу хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгдсэн.
  • 1997 онд Зүүн Ази – Австрали Азийн нүүдлийн замналын сүлжээнд (EAAF024) хамруулсан.
  • Монгол Дагуурын ДЦГ нь Рамсарын конвенцийн 9 шалгуурын эхний гурвыг хангаж байсан тул Рамсарын конвенцийн хавсралт жагсаалтад 1997 оны 12-р сарын 8-ны өдөр бүртгэгдсэн.
  • 2000 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас зайлшгүй хамгаалах шаардлагатай 200 эко бүсийн жагсаалтанд оруулсан.
  • 2007 онд ЮНЕСКО-гийн Хүн ба Шим мандлын нөөц газар (MAB) –уудын сүлжээнд бүртгэсэн.
  • 2008 онд Монгол орны шувуудад чухал газар (MN066)-т оруулсан бөгөөд нүүдлийн болон үржлийн улирлаар отгот шунгуур, тураг гогой, гангар хун, буурал галуу, хондон ангир, цэн тогоруу, хархираа тогоруу, хар тогоруу, өвөгт тогоруу, умардын хавтгаалж зэрэг шувууд газарзүйн популяцийнхаа 1%-иас давсан тоотойгоор байршдаг.
  • Монгол дагуурын ландшафт нь тал нутаг дахь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газрын экосистем, олон төрлийн шувууд, мөн хил дамжин нүүдэллэдэг цагаан зээр болон ховор ургамлыг багтаадаг иж бүрэн экосистем юм. Ийм учраас эл газар нутгийн үнэ цэнийг харгалзан 2017 онд Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулганаар Монгол Улс, ОХУ-тай хамтран Дагуурын ландшафтыг хил дамнасан “Байгалийн өв”-өөр бүртгэсэн.

 

Газарзүйн онцлог: Монгол Дагуур нь тектоникийн болон галт уулын гаралтай ба өргөн уудам хээр, ус намгархаг хөндий, олон тооны том жижиг гол, нуурууд төдийгүй олон зүйл эндемик ургамал бүхий нутаг. Төв Азийн өндөрлөг тал, хотгор уулт их муж, Хэрлэн гол Хөх нуурын өндөрлөг тал, тэгшдүү хотгор бүхий хуурай хээрийн дэд мужид хамаарна. Дагуурын хээр тал нь Дорнод бүсийн тал хээрийн ихэнх нутгийг бодвол харьцангуй чийглэг уур амьсгалтай. Хангайн муж, Монголын Дорнод хэсгийн хүрэн, хар хүрэн, хужир ба хужирлаг хөрс бүхий Хөх нуур-Эрээнцавын тойрогт багтдаг. Ус зүйн сүлжээний хувьд Номхон далайн ай савд багтана. Тус дархан цаазат газрын бүсэд Галуут, Ангирт, Их бага далай, Давст, Дөрөө, Чух, Хайчийн цагаан, Хоринцагаан, Бүс, Галуутайн, Хөх нүдний гэх мэт 90 гаруй том жижиг нуурууд бий. Эдгээр нууруудын онцлог нь бүгд цэнгэг биш давстай нуурууд юм.

Монгол Дагуурын ус намгархаг орчин нь Дашбалбар сумын төвөөс зүүн зүгт 10 км орчимд байх Сэвсүүл голын цутгал болон Улз голын хөндийд байх нууруудыг хамран Чулуунхороот сумын төвийн баруун талд 5 км зайд байх Бүрд нуур хүртэл 100 км үргэлжлэх ний 210 мянган га газрыг хамардаг.  Энд 12 нуур, тойром байдаг ба Шандын булаг, Давсан нуурын булаг, Дэлгэр булаг, Тэвхэр булаг, Шар бүрдийн булгууд байхаас гадна Улз гол, Сэвсүүл гол, Дөч гол болон бусад ус намгархаг газрууд хамрагддаг.

Хөхтөн амьтан: Монгол Дагуурын ус намгархаг газарт 6 баг, 16 овог, 29 төрөлд хамаарах нийт 39 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэний дотор цагаан зээр (Gutturosa subgutturosa), халиун буга (Cervis elaphus), бор гөрөөс (Capreolus pygargus), хярс (Vulpes corsac), мануул мий (Felis manul), монгол тарвага (Marmota sibirica) зэрэг ховор том хөхтөн амьтад, сахалт багваахай (Myotis mystacinus), брандтын багваахай (Myotis brandtii), (Ochotono hyperborean), орог зусаг (Phodopus sungorus), ширэгийн оготно (Microtus maximowiczii), монгол оготно (Microtus mongolicus) гэх мэт ховор жижиг амьтад тус тус бүртгэгдсэн байдаг. Мөн бор гөрөөс (Capreolus pygargus), саарал чоно (Canis lupus), зэрлэг гахай (Sus scrofa), шар үнэг (Vulpes vulpes), халздай дорго (Meles meles), сибирь алагдаага (Allactaga sibirica), дагуур огодой (Ochotono daurica) зэрэг амьтад түгээмэл тохиолдоно.

Монгол Дагуурын ус намгархаг газрын Дөрөө нуур, Улз голд 1 баг, 2 овог, 5 төрөлд хамаарах 7 зүйл загас тэмдэглэгдсэн байдгаас бор хэлтэг (Carassius auratus gibelia Bloch.), булуу цагаан (Cyprinus carpio haematopterus Temm) голлон тархсан. Монгол Дагуурын газрын хэмжээнд монгол бах (Bufo raddei), шивэр мэлхий (Rana amurensis) гэсэн 2 зүйл хоёр нутагтан, рашааны могой (Elaphe dione), бамбай хоншоорт могой (Agkistrodon halys), монгол гүрвэл (Eremias argus) зэрэг 3 зүйл мөлхөгч амьтад тэмдэглэгдсэн. Эдгээр нь Монгол оронд түгээмэл тархацтай элбэг зүйлүүд юм.

Шувуудын зүйл: Монгол Дагуурын ус намгархаг газарт 16 баг, 42 овгийн 123 төрөлд хамаарах нийт 267 зүйл шувуу бүртгэгдсэн бөгөөд оршин амьдрах хэлбэрээр нь ангилбал 160 зүйл нь нүүдлийн үедээ өндөглөн зусдаг, 75 нь дайран өнгөрдөг, 23 нь тухайн бүс нутагт тохиолдлоор таардаг, 9 нь өвөлждөг шувууд байна. Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны шалгуур үзүүлэлтээр олон улсын болон бүс нутгийн хэмжээнд ховордлын зэрэгт багтсан 18 зүйл шувуу, “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-ийн (CITES) I хавсралтад орсон 7 зүйл, Монгол Улсын “Улаан ном”-нд орсон 17 зүйл шувууд бий.

Монгол Дагуурын ус намгархаг газар нь цэн тогоруу (Antigone vipio), хар тогоруу (Grus monacha), цагаан тогоруу (Grus leucogeranus), реликт цахлай (Larus relictic), хошуу галуу (Anser cygnoides), азийн цууцил (Limnodromus semipalmatus), хонин тоодог (Otis tarda) зэрэг ховор шувуудын чухал амьдрах орчин болдог. Мөн олон зүйл усны шувуудын хувьд нүүдлийн үедээ бууж амран, тарга хүчээ сэлбэдэг нутаг болдог бөгөөд тухайлбал бор галуу (Anser anser), буурал галуу (Anser fabalis) 2000 бодгаль, анхидал ангир (Tadorna tadorna), хондон ангир (Tadorna ferruginea) 4000 бодгаль, зэрлэг нугас (Anas platyrhynchos), зэрлэгшир нугас (Anas poecilorhynchos), ногоохон нугас (Anas crecca), гэзэгт нугас (Anas falcate), байгалийн нугас (Anas formosa), бор нугас (Anas strepera), зээрд нугас (Anas penelope), шовтгор алаг нугас (Anas acuta), халбага нугас (Anas clypeata), улаанхүзүү шумбуур (Aythya ferina) нийт 20000 бодгаль, халзан түнжүүр (Fulica atra) 7000 бодгаль, цэн тогоруу (Antigone vipio), хар тогоруу (grus monacha), хархираа тогоруу (Grus grus), өвөгт тогоруу (Anthropoides virgo) 5000 бодгаль, хүрэнтолгойт цахлай (Larus ridibundus), монгол цахлай (Larus mongolicus) 10000 гаруй тоогоор тус тус нүүдлийн үедээ бүс нутгийн том, жижиг нууруудад бууж амардаг байна.

Түүнчлэн эргийн шувуудаас азийн сүвээцагаан (Pluvialis fulva), буурал сүвээцагаан  (Pluvialis squatarola), нарийн хиазат (Charadrius dubius), тэнгисийн хиазат (Charadrius alexandrinus) зэрэг хиазатууд 10000 бодгаль, цагаансүүлт хөгчүү (Tringa ochropus), шугуйн хөгчүү (Tringa stagnatilis), бүрдний хөгчүү (Tringa glareola), эгэл хайргын хөгчүү (Actitis hypoleucos) зэрэг хөгчүүнүүд 10000 бодгаль, одой элсэг (Calidris minuta), шартүрүүт элсэг (Calidris ruficollis), Темминскийн элсэг (Calidris temmincki), хадуур элсэг (Calidris ferruginea) зэрэг элсэгүүд 6000 бодгаль, шөвгөн хараалж (Gallinago gallinago), замбын хараалж (Gallinago stenura), бичилхэн тутгалжин (Numenius minutus), морин тутгалжин (Numenius arquata), мадагаскар тутгалжин (Numenius madagascariensis) зэрэг зүйлүүд нүүдлийн үедээ Монгол Дагуурын ус, намгархаг газрын том, жижиг гол нуур, уст цэг, голын хөндийд буудаллан амарч, тарга хүчээ сэлбэдэг.

Ургамал: Монгол Дагуурын ДЦГ нь гүвээ толгодтой хээр боловч Улз, Ямалх гол, Тарь нуурын сав нутагт зэгс шагшуурга, бургасан төгөлтэй. Хөх уул, Хайлан уул зэрэгт хус, улиасан төгөл бүхий орчинтой учраас амьтан ургамлын зүйлийн бүрдэл, тоо толгойн нягтшил харьцангуй их байдаг. Ургамлын аймгийн хувьд 52 овгийн 349 зүйлийн ургамал тэмдэглэгдсэн ба ус намгархаг газар болон хээрийн ургамлын зүйлүүд тархацын дийлэнх хувийг эзэлдэг. Дагуурын хээрт хялгана, үетэн, зүр өвс, алаг өвс зонхилдог. Тухайлбал, крыловын хялгана, сибирь хялгана, цацаглаг биет өвс, дэрвээн хазаар өвс, нангиад түнгэ-хиаг, агь, жижигнавчит харгана, сибирь зүр өвс, дэрвээн тарна, ацан цахилдаг, зургаадай зогдор өвс, хонгорзуллиг хонгорзалаа багтдаг. Ус намгархаг газруудаар эгэл нишингэ, улбалзуур сорвоо, триниусын улаан толгой, монгол улаан толгой, ахар сорт арвай, газар усны тарна зэрэг ургамлууд өргөн тааралддаг.

Мөн эмийн чухал ач холбогдолтой хээрийн шивлээ, дагуур сараана, одой сараана, турчаниновын хөх яргуй, сөөгөн боролзгоно, урал чихэр өвс, говийн ганга, их таван салаа, ээрэм шарилж-царван зэрэг ургамлууд элбэг. Түүнчлэн, турьхан ортууз (Oxytropis gracillima Bunge), шаргалдуу лидэр (Sophora flavescens Soland.) зэрэг унаган ургамал, ахар навчит хунчир (Astragalus brevifolius Ledeb.), цагаан хунчир (Astragalus galactites Pall.), монгол хотой (Leonurus mongolicus Krecz. Et Kupr.), дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricate (Turcz.) Schischk.) зэрэг Улаан номонд орсон ургамлууд, ховор ба нэн ховор ургамал болох анхил сонгино-гогод (Allium odorum L.), сарвуун сонгино (Allium anisopodium Ledeb.), шар цахилдаг (Iris flavissima Pall.), сахалт дэгд (Gentiana barbata Froel.), байгаль гүүн хөх (Scutellaria baicalensis Georgi) зэрэг ургамлууд тархдагаас гадна Улаан дансны ховордлын ангилал тодорхойлолтоор үнэлэгдсэн сөөгөн шимэрс (Hedysarum fruticosum Pall.), дагуур сараана зэрэг ургамлууд ургадаг нь тухайн экосистемийн өвөрмөц онцлогийг харуулж байна.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах